Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Дангаагийн Ганбатыг уржигдар орой АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ. Хууль сахиулах байгууллагынхан одоогоор уг мэдээллийг нууцалж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй гэнэ. Д.Ганбатын холбогдсон яллагдагчаар татагдсан хэрэг дахиад нэмэгдэж буй нь энэ.
Түүнийг өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж 2015 онд ашиглалтад оруулахад замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан юм. Мөн Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн, угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, түүний эзэмшлийн гэх “Өндөр буянт холдинг” компанийнх нь байранд нэгжлэг хийсэн билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа