“60 тэрбум”-ын гэх хэргийн талаар шуугисаар дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Тухайлбал, 2017 онд МАН-ын тухайн үеийн удирдах албан тушаалтнууд нийтийн албан тушаалыг худалдан мөнгө босгож, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархахаар оролдож буй бичлэг олон нийтэд ил болсноор "60 тэрбум" гэх тодотгол бий болсон. Энэхүү хэргийг ТЕГ, АТГ-ынхан хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн оны наймдугаар сараас сэргээн шалгаж эхэлсэн юм.
"60 тэрбум"-ын гэх схемийг удирдсан, УИХ-ын гишүүн М.Энхболдыг УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар олон нийтийн дэмжлэгтэйгээр УИХ-ын даргынх нь суудлаас буулгаж, тус хэргийг ард иргэдийн хараанд оруулж чадсан. Энэ үеэрээ тус гишүүд ард түмний хайртай хүү болон хувирч, тус тусын албан тушаалд очсон. Тухайлбал, Ж.Батзандан, Л.Болд гишүүд "ШИНЭ" нам гээчийг байгуулж, өөрсдөө удирдагчид нь болж, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болоод амжсан.
Гэтэл сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ сайдтай холбоотой мэдээллүүд чих дэлсэх боллоо. Учир юу гэвэл, МАН-ын гишүүн Н.Энхбаатар нэр бүхий гишүүдийн сонгуулийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэгтэй байсан тул “МИАТ” компанийн дэд захирлаар томилоход дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн албан бичиг цахим орчинд тархсан. Тус эрхмүүдийн дунд Л.Оюун-Эрдэнэ гишүүний нэр цохиж явах нь тэр. УИХ-ын гишүүдийн энэхүү хүсэлтийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан ч ёсчлон биелүүлж, МАН-ын дарга болон Удирдах зөвлөл бүрэн дэмжиж байгааг уламжиллаа хэмээсэн хариу албан бичигт гарын үсэг зурж, Зам Тээврийн Хөгжлийн Сайд Д.Ганбатад 2016 оны наймдугаар сарын 29-ний 344 тоот албан бичгээр дамжуулжээ.
Төрийн сайд нь өөрөө төрийн албан хаагчдад тавигдах хууль, эрх зүйн шалгуураар мэдлэг дутмаг байгаагийн дээр өөрийн нэр холбогдсон асуудлаа намын өмнөх удирдлагууддаа "нялзаасан" хариултыг өгөөд сууж байна.
Ийм замаар Н.Энхбаатар 2016 оны арванхоёрдугаар сараас “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллах болсон аж. Энэ бол нэг ёсондоо "60 тэрбум"-ын схем хэрэгжсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Учир нь тус хэргийн үндсэн зорилго л энэ шүү дээ. Төрийн албыг наймаалцаж, нэгнийхээ хүсэл, даалгавраар улс төрийн томилгоо хийдэг байдал манай улсад газар авсаар ужгирсан. Үүгээр ч зогсохгүй хууль зөрчин, дипломат албанаас хөөгдсөн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд төрийн өндөр албан тушаалд ажилласаар байгаа нь зүйд нийцэх асуудал мөн үү. Жишээлбэл, Польш улсад тамхины наймаа хийдэг болохоо хүлээн зөвшөөрсөн этгээд ч ЗГХЭГ-т ажилласаар байгаа нь төрийн хяналт сул байгаагийн нэг илрэл юм. Үүний зэрэгцээ аливаа албан тушаалд ур чадвар, аливаа тавигдах шаардлагыг харгалзан үзэх бус намын томилгоогоор хийгддэг болсноос үүдэлтэй ч гэж хардаж болохоор байна. Үүний нэгэн жишээ нь дээр дурдсан албан бичигтэй холбоотой хэрэг юм.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд өөрт нь холбогдох асуудлыг санахгүй байна, шүүж, хайж үзье гэх хайхрамжгүй тайлбарыг өгсөн нь олон нийтийг талцуулаад байна.
Төрийн сайд нь өөрөө төрийн албан хаагчдад тавигдах хууль, эрх зүйн шалгуураар мэдлэг дутмаг байгаагийн дээр өөрийн нэр холбогдсон асуудлаа намын өмнөх удирдлагууддаа "нялзаасан" хариултыг өгөөд сууж байна.
Ямартай ч дипломат паспорттай наймаачид, 60 тэрбум, ждү, намын томилгоо гээд Монгол төрийн нэрд хар толбо үлдээсэн хэргүүд ар араасаа гарсаар байна. Энэ бүхний эцэст ард иргэдийн төрдөө итгэх итгэл бага багаар суларсаар, эргэж хэзээ ч сэргэхгүй болох вий гэсэн айдас бий болжээ.