Монголын 69 иргэнийг Польшийн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэв. Тэрбээр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаар хаалттай буюу маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг ГХЯ-наас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн.
Хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамтатгаж ирүүлсэн учраас хууль бус наймаанд оролцсон дипломатуудын талаарх мэдээлэл нь маш нууц гэсэн дардастай байгаа. Нийтдээ 69 иргэн байгаагийн дотор дипломат төлөөлөгчийн газар буюу ГХЯ, төрийн алба, улс төрийн намын удирдах түвшинд ажилладаг, дипломат болон албан паспорт ашиглаж, хууль бус наймаанд холбогдсон хүмүүс бий. Манай байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл болон бусад хууль бус наймаанд оролцож буй дипломат албаныхныг ажлаас нь чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа.
Хар тамхины хэрэглээ, тархалт газар авсан нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Тиймээс үүнтэй тэмцэхээр байнгын хорооноос тагнуул, цагдаагийн байгууллагад чиглэл өгч, хамтран ажиллаж байна” гэв.