“Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирлаар ажилладаг С.Эрдэнэбулганыг уржигдар орой АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаад улмаар уржигдар “Моннис тауэр”-ын 15 дугаар давхарт байрлах түүний ажлын байр болон хувийн компани, гэрт нь нэгжлэг хийсний дараа цагдан хорих байранд хүргэснийг эх сурвалжууд баталж байна. Бидэнд олдсон мэдээллээр түүнтэй хамт өөр нэг хүнийг шалгаж эхэлсэн ч, цагдан хориогүй гэнэ.
Харин албаны эх сурвалж “С.Эрдэнэбулганыг цагдан хорьж шалгаж байна” гэхээс илүү мэдээлэл өгөөгүй юм. Тэрбээр найз нөхдийнхөө байгуулсан зам арчлалтын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг “Эрдэнэс Монгол”-оос зарласан тендерт ялуулсны төлөө тухайн компаниудаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буйг түүний ажилладаг компанийнхан ч хэлсэн. С.Эрдэнэбулган хувьдаа барилгын компанитай бөгөөд хэдэн жилийн өмнө Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2016 оноос “Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжлэгээр томилогдсон хэмээгддэг нэгэн аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа