Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат УТҮГ-ын ажилчид химийн бодисийн хордлогод өртсөн гэх мэдээллийн дагуу МХЕГ-аас газар дээр нь шуурхай ажиллалаа. Үйлдвэрлэлийн жилийн ажил эхлэхтэй холбогдуулан тус үйлдвэрийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 20-ны өдөр хийжээ. Улмаар үйлдвэрийн ажиллагсадаас дотор муухайрах, гүйлгэх, суулгах, толгой өвдөх, даралт ихсэх, бие дээр тууралт гарах зэрэг зовиуртайгаар 20 хүн үйлдвэрийн эмчид хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэж, 60 орчим хүн тандалтад хамрагдсан байна.
Иймд МХЕГ-аас хордлогод өртсөн байж болзошгүй ажилтнуудыг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд яаралтай үзүүлэх, ажлын байруудад агааржуулалт хийх, байгууллагын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг яаралтай хуралдуулж, хордлогын мөрөөр арга хэмжээ авах талаар үүрэг өглөө.
Ариутгал, халдваргүйтгэлд ашигласан гэх бодис нь зөвшөөрөгдсөн бодис байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.