“Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаалахдаа тус үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг ашиглан Монгол Улсын Засгийн газрыг өрөнд оруулсан гэх хэрэгт “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү нарыг холбогдуулан шалгаад хэргийг нь шүүхэд шилжүүлээд удаж буй билээ. Тэрбээр 2010-2012 онд 109 сая ам.долларын зээл авсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулахад тухайн үеийн захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнууд оролцсон хэмээн яллагдагчаар татагдсан. Дээрх банкнаас Ш.Батхүүгийн авсан зээлийг хугацаанд нь төлөөгүй маргааныг олон улсын арбитрын шүүхэд хэлэлцэж “Стандарт” банк ялснаар манай Засгийн газар өрийг нь төлөхөөр болж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх банканд шилжүүлсэн юм.
Хэргийн эзэн “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох, улсад 100 гаруй тэрбумын хохирол учруулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр өчигдөр твиттер хуудсандаа мэдээлснийг олон хүн уншсан. Энэ талаар прокурор, шүүх байгууллагынхнаас тодруулахад “Ш.Батхүү нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаагүй. Шүүхээс хэргийг прокурорын хяналтад буцаасан ч өнөөг болтол НПГ болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлээгүй байгаа” гэлээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа