Төв аймгийн Заамар суманд цагдаагийн хоёр алба хаагч хүний амь насанд халдсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
Тэрбээр "Төв аймгийн Улаанцайдам сумын эмнэлэгт 61 настай Г нас барсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар буруу ташаа мэдээлэл яваад байгаа учир тайлбар хийх нь зүйтэй юм. Тухайлбал, 2019 оны есдүгээр сарын 23-ны 19.40 цагт "Сумын эмнэлэгт хүн нас барлаа" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Мөрдөх байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмч нарыг оролцуулсан баг хэргийн газарт очиж хэргийн газрын үзлэг хийсэн.
Урьдчилсан байдлаар 61 настай эрэгтэй Г болох нь тогтоогдсон. Хэргийн тухайд Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хоёр алба хаагч хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүүхдийг зам шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад шалгалтаар явж байх хугацаанд тус сумын нутаг дэвсгэрт нэг хүн зүй бус үйлдэл гаргаж байхтай тааралджээ. Тэгэхэд талийгаач Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явсан бөгөөд үхэр төхөөрчихөөд ажилчдынхаа хоолыг хийх гээд явж байсан юм билээ. Цагдаагийн алба хаагчид Г-гийн согтолтын зэргийг тогтоохоор авч явах гэхэд эсэргүүцэл үзүүлж, маргаан үүссэн. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэг байгаа.
Бид хэргийг тал бүрээс нь шалгаж, бодит үнэнийг тогтооно.
Түүнчлэн цагдаагийн алба хаагчид хохирогчийг эмнэлэгт хүргэж өгчихөөд зугтаасан гэсэн мэдээлэл мөн явж байгаа. Үүнийг тодруулахад Г-г эмнэлэг дээр хүргэж очиход талийгаачийн ар гэрээс дөрвөн хүн байсан юм билээ. Тэд цагдаагийн албан хаагчдын биед халдсан. Ахлах оффицерын толгой хавдаж, жолоочийн толгой хагарсан. Үүнийг мөн холбогдох хуулийн дагуу шалгаж тогтооно.
Хохирогчид гадна үзлэг хийгдсэн, нарийвчилсан задлан шинжилгээ хийлгэсний дараа нас барсан шалтгаан тодорхой болно. Цагдаагийн байгууллагаас дараах хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Бүх асуудал хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэгдэнэ" гэв.