Шүүхийн танхимаас
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн П.Долгормаа, П.Орхон нарт холбогдох хэргийг хэлэлцэх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг бусдаас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаж буй талаар мэдээлж байсан ч шүүгдэгч П.Орхон нь түүнд нэг саяыг өгсөн хэмээн мэдүүлсэнд нь үндэслэн анхан шатны шүүх ял шийтгэсэн байна. Орон нутгийн эх сурвалжууд бидэнд ташаа мэдээлэл өгч, “Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан П.Долгормаа иргэний хэргийн нэхэмжлэгчээс 20 сая төгрөг өгөхийг шаардсан, уг мөнгөө хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байдаг барьцаалан зээлдүүлэх газарт (ломбард) оруулж, угаасан байж болзошгүй гэж шалгасан” хэмээн мэдээлэл өгсөн нь ташаа байсныг манай сурвалжлагч нягтлалгүй нийтэлсэнд иргэн П.Долгормаагаас хүлцэл өчье.
Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр 20 сая төгрөгтэй холбоотой асуудал яригдаагүй бөгөөд П.Орхон нэг сая төгрөг шүүгчид өгсөн гэх үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, тэнсэн харгалзах ял шийтгэсэн тогтоолоо танилцуулаад байна. Харин хахууль өгсөн гэх П.Орхонд гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн ч уг ялаас чөлөөлсөн аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа