Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн (БХТН)-ийн удирдлагад холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Тус нийгэмлэгийн дарга, хурандаа Д.Дашзэвэг, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Хүрэлхүү, Дархан-Уул аймгийн салбарын дарга Ч.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг прокурорын хяналтад очлоо. Д.Дашзэвэг хурандаа нарын хүмүүс БХТН-ийн Улаанбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Завхан, Хэнтий, Сэлэнгэ дэх салбарын газрыг зарж, эд хөрөнгийг үрэн таран хийсэн гэх хэрэгт холбогдон шалгуулж буй билээ. Түүнчлэн нийслэлийн Прокурорын газарт Д.Дашзэвэгийн нэр дээр гаргасан гомдол цөөнгүй ирсэн гэнэ. Гомдолд газар зарсныг баталгаажуулсан баримт хавсаргасан байсан хэмээн эх сурвалж хэлэв.