БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулсан олон улсын монгол бүжгийн III уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцсон ЦДБЭЧ, уламжлалт өв соёлын “Түмэн эх чуулга”-ын бүжигчид зургаан алт болон мөнгө, хүрэл медальтай ирсэн билээ. Энэ амжилтын талаар тодруулахаар “Түмэн эх” чуулгын бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэлтэй товч ярилцлаа.
-Уралдаан өргөн болов уу. Аль аль улсын уран бүтээлчид өрсөлдөв?
-Хойд хөршийн Буриад, Тува, Якут, Халимаг улс, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгураас бүжигчид цугласан маш сайхан уралдаан боллоо.
-Манай бүжигчид анх удаа оролцов уу?
-Өмнөх I, II уралдаанд ҮУИТ-ын бүжигчид амжилттай оролцож байсан юм билээ.
-Манай бүжигчдээс ямар бүжгээр медаль авсан бэ. Та бүжиглэсэн үү?
-Уг нь багшаар явсан ч, очоод бүжиглэхээр болсон. ЦДБЭЧ, “Түмэн эх” гэсэн хоёр чуулгын уран бүтээлчид энэ уралдаанд хамтарч оролцохоор өнгөрсөн өвлөөс эхэлж бэлдсэн юм. Бид олуул бүжгийн төрөлд Ардын жүжигчин Д.Нанжид багшийн дэглэлт, Соёлын тэргүүний ажилтан А.Хосбаярын найруулга “Язгуур биелгээ” болон миний дэглэсэн “Хэмнэлээр биелэхүй” бүжгээр алтан медаль хүртлээ. Дэглээч Л.Баттөрийн “Тогоруу бий”-гээр мөнгө, О.Ууганбаярын дэглэлт “Сүүтэй бурхан”, А.Хосбаярын дэглэлт “Цастын өөлд” бүжгээр хүрэл медаль хүртэв.
Бүжигчин Х.Юүлэхорол гоцлол бүжгийн төрөлд А.Ууганбаярын дэглэсэн “Онгод” бүтээлээр мөнгөн медалийн эзэн болсон. Би “Урианхай” бүжгээр, харин Гавьяат жүжигчин А.Бямбатөгс, Соёлын тэргүүний ажилтан Х.Бямбахишиг нар “Холбоо аялгуу”-гаар тусгай байрт орлоо. Бүжиг дэглээчдийг мөн байр эзлүүлж, урамшуулж байна лээ. Манай бүжиг дэглээч Л.Баттөр “Тогоруу бий” бүжгээр алт, дэглээч О.Ууганбаяр “Өгийт ахм”-аар мөнгө, А.Хосбаяр “Цастын өөлд”-өөрөө, би “Хэмнэлээр биелэхүй” бүжгээрээ хүрэл медалийн эзэн боллоо. Их баяртай байна. Манай уран бүтээлчдийн “Язгуур биелгээ” бүжгийн татлага бүжгийн шилдэг хөгжмөөр шалгарсан. Монгол Улс шилдэг зохион байгуулагч орон боллоо. Уралдааны бас нэгэн тусгай шагналыг манай улсын бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгт илгээсэн. Түүний дэглэсэн “Урианхай” бүжгийг “Шилдэг уран бүтээл”-ээр тодруулсан.
-Та бүжиглэсэн, тийм үү?
-Тийм ээ. Багшаар л ажиллана гэж бодож очтол бүжиглээд, бас шагнал аваад ирсэн.
-Ур чадвараар хаанахын бүжигчид илүү байна?
-Монгол Улсын бүжигчид энэ урлаг орчин үед яаж хөгжиж байгааг харуулсан, бид бусад улсын уран бүтээлчдийн ур чадвараас суралцсан, харилцан туршлага, мэдээлэл солилцсон их сайхан уралдаан боллоо гэж бодож байна. Монголынхоо бүжигчдэд боломж нээж, өөрөө удирдан зохион байгуулж оролцуулсан Бүжгийн нийгэмлэгийн тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн даргад бид ихэд талархаж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулагчаар ажилласан.
-Танай “Түмэн эх” чуулга байгуулагдаад 30 жил болжээ. Ойгоо хэрхэн тэмдэглэх вэ?
-Тийм ээ. Манай хамт олон чуулгынхаа 30 жилийн ойн тоглолтод бэлтгэж байгаа. Хүндэтгэлийн тоглолт аравдугаар сарын 30-нд болно.
-Үндэсний дуу, бүжгийн гэсэн тодотголтой байсан. Одоо арай өөр болж.
-Уламжлалт өв соёлын чуулга болсон.
Бэлтгэсэн: Р.Оюунаа