Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өөр өөр хэрэгт шалгаж буй билээ. Тэгвэл тус газарт шалгуулах болсон Ерөнхий сайд албан тушаалтай хүн нэгээр нэмэгджээ. 2016 оны сонгуулийн үр дүнд МАН олонхын санал авч, Засгийн газраа бүрдүүлэхэд УИХ-ын гишүүдийн саналаар томилогдсон Ж.Эрдэнэбатад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Хууль сахиулах байгууллагуудын хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудлаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнуудыг буруутган шалгаж буй гэнэ.
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд багагүй хугацаа өнгөрсөн юм байна. Харин АТГ-аас саяхан уг хэрэгт шалгуулж буй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл бидэнд олдлоо. Зарим мэдээллийн хэрэгслээр 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр “Элбэг орд” ХХК-иас таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг саяар худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандаж байсан билээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин