Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж энэ сарын 9-ний үдэш цагдан хорилоо. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноо өчигдөр АТГ-ынхан мэдээлэл хийх үеэрээ баталсан. 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ыг байгуулж, тус газрын даргаар өмнө нь НДЕГ-т удирдах албан тушаал хашиж байсан, УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах асан Ч.Алтанхуягийг томилсон билээ.
Өдгөө түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулаад, хүүгийн орлогыг нь хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулсан гэх мэдээлэл байгаа юм. Албаны эх сурвалжууд “Дөнгөж шалгаж эхэлж буй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Шүүхээс 48 цаг албадан саатуулах захирамж баталсан” гэлээ. Ч.Алтанхуягтай хамт тус газрын нэг бус хүнийг шалгаж эхэлсэн юм байна. Хэрэгт шалгуулж буй дээрх даргыг 48 цаг албадан саатуулах захирамж шүүгч өчигдөр гаргасан бөгөөд маргааш үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа