Авто тээврийн шалган бүртгэх товчоо, хяналтын цэгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид 24 цагаар ажиллаж буй. Үүний хүрээнд Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоох авто тээврийн шалган бүртгэх товчоогоор “УАЗ Фургон”, “Ланд круйзер 100” маркийн тээврийн хэрэгслээр 16 идлэг шонхор, 36 ногтруу тээвэрлэснийг хяналтын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт түр саатуулсан байна. Шувуу тээвэрлэсэн гадаадын болон монгол иргэд БОАЖЯ-наас 50 идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар барих зөвшөөрөл авсан ч орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй, амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримтгүй байжээ. Мөн 30 ногтруу барих зөвшөөрөлтэй ч зургаан шувуу нэмж барьсан зэрэг зөрчил гаргасан аж. Холбогдох албаныхан шувуудыг нийслэлийн Байгаль орчны газрын Ан амьтан асрах төвд байршуулан, эзэн холбогдогчийг нь байцааж, бичиг баримтыг нь шалгаж буй гэнэ.