Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулах явцад зургаан аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр барилга барьсныг илрүүлсэн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Сүхбаатар дүүргийн I хороо, 61 дүгээр байрны урд, IX хорооны нутаг, “Хийморь” оффисын баруун талд зөвшөөрөлгүйгээр барилга барьжээ. Уг хоёр барилгын гүйцэтгэгч компани нь тодорхойгүй аж. Мөн VTV телевизийн баруун талд “Андын зам констракшн”, дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд “Зангараг констракшн”, Олимпын гудамжны 26 дугаар байрны ойролцоо “Нарт урт”, VI сургуулийн урд “Авзага трейд” компанийн барьж буй барилга зөвшөөрөлгүй гэв. Улсын байцаагчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоож, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанитай хамтран цахилгааныг нь хязгаарласан байна.
Ташрамд дурдахад, “Мэжик инвест” компанийн захилгаар Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Гарден сити-2” хотхонд өргөгч цамхаг эвдэрч, нэг хүн унаж гэмтсэн осол уржигдар гарлаа. “Zoomlion” брэндийн “ТС 7525-16D” загварын уг өргөгч цамхгийн бэхэлгээний боолтууд суларч, унаснаас осол гарчээ. Хотхоныг “Конкрет харш” барьж байгаа бол өргөгч цамхгийг “Ди Ди Эн” компанийнхан угсарсан гэнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан газар дээр нь очиж шалгахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын стандарт, дүрмийг мөрдөөгүй, өргөгч цамхгийн угсралт, засварыг үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийгээгүй зэрэг зөрчил илэрчээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн уг ослыг шалгаж байна.
Бэлтгэсэн: М.Оч