Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг хянаж шалгаж байна. Явцын мэдээллийг өчигдөр танилцууллаа. Үүнд 190 байгууллагыг хамруулахаас одоогоор 51 хувийг нь шалгажээ. Сургууль, цэцэрлэгүүдийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандарт хангуулах чиглэлээр явуулсан дээрх шалгалтаар 410 зөрчил, дутагдал илэрсний 29 хувийг газар дээр нь арилгуулсныг НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга хэллээ. Тухайлбал, цэцэрлэгүүдэд дараах нийтлэг зөрчил байжээ. Үүнд сургалт явуулах тусгай зөвшөөрлийнхөө бичилтийг хийлгээгүй, хамран сургах тойргийн хүүхдүүдийн судалгааг гаргаагүй, нэг багшид ногдох хүүхдийн тоо хэтэрсэн, эцэг, эхчүүдээс хууль бус төлбөр авахгүй байхыг дотоод дүрэм, журамдаа тусгаагүй байж.
Түүнчлэн зориулалтын бус байртай, барилга нь стандарт хангаагүй, тоглоомын талбайгүй, эдэлбэр газар бага, гэрэлтүүлэг, камергүй, туслах багшгүй цэцэрлэг ч цөөнгүй аж. Шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудын зарим нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй, хууль бус төлбөр, хураамж авахгүй байх дүрэм, журмыг мөрдөөгүй, багш сонгон шалгаруулах бэлтгэл муу, дотор, гаднах орчин, биеийн тамирын талбай зэрэг нь аюулгүй байдал хангаагүй зэрэг зөрчилтэй байсан аж. Тиймээс сургалтын байгууллагуудад улсын байцаагчийн 68 заалт бүхий 16 албан шаардлага хүргүүлж, есдүгээр сарын 1 гэхэд зөрчлөө арилгахыг үүрэг болгожээ.
Бэлтгэсэн: О.Ундрах