“60 тэрбум”-ын гэх тодотголтой, МАН-ын тухайн үеийн удирдах албан тушаалтнууд нийтийн албан тушаалыг худалдан мөнгө босгож, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх хэргийг тагнуул, АТГ-ынхан хамтарсан ажлын хэсгийнхэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өнгөрсөн оны наймдугаар сараас сэргээн шалгаж эхэлсэн юм. Өмнө нь НПГ-аас хэрэгсэхгүй болгосон уг хэргийг бүтэн жил гаруй мөрдөөд энэ сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай ТЕГ-ын Мөрдөн байцаах газраас прокурорын хяналтад хүргүүлжээ.
“60 тэрбум”-ын гэх схемийг санаачилж, танилцуулсан, улмаар хамтрагчидтайгаа тохиролцож чадалгүй бичлэгийг нь ил болгосон Г.Доржзодовт ямар нэг хариуцлага тооцохооргүй байгаа аж. Харин түүнийг нь хэрэгжүүлэхийг завдсан гэх “Шинэ Монгол хаад” ХХК-ийн захирал А.Ганбаатар, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор удахгүй шүүхэд шилжүүлэхээр болж буйг эх сурвалжууд мэдээллээ.
Харин зарим хуульч “Энэ хэргийг шүүх улстөрийн өнцгөөс л хэлэлцэж ял шийтгэл ногдуулж болзошгүй. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд шийдэх боломж хомс. Хуулийн дагуу шийдвэрлэвэл уг хэрэг хэрэгсэхгүй болох байх” хэмээж байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа