Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж буй компаниудын үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн мэргэжилтнүүдтэй хамтран шалгажээ. Барилга барих зөвшөөрөл аваагүй гурван компанийг шалгалтын үеэр илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоов. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXII хороонд барьж байсан “Амар амгалан” хотхоны II ээлжийн орон сууцны барилгын захиалагч “Нарны хүү, сарны охин” компани нь дээр дурдсанчлан барилга барих зөвшөөрөлгүй байжээ. Түүнчлэн тус дүүргийн I хороонд иргэн Т.Цогт, Ч.Цогтбаяр нарын захиалгаар барьж байсан орон сууц, VIII хорооны нутаг дахь, иргэн Д.Болдын 173 айлын орон сууцны барилгын ажлыг дээрх шалтгаанаар зогсоосон аж.
Мөн барилга угсралтын ажил хийгээгүй олон жил болсон, архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, зөрчилтэй барилгуудын цахилгааныг хязгаарлан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.
Бэлтгэсэн: У.Саран