-С.В.Паушок мөрдөгчдийг урьж мэдүүлэг өгч, прокурорууд Л.Чинбатад холбогдох хэргийг сэргээлээ-
Дуулиан тарьж, Монголын нийгмийн анхаарлыг татаж байсан хэргүүдийн хувь заяа зуны гурван сарын найр наадам, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг олон зүйлд дарагдан хэрхэж буй нь тодорхойгүй өдий хүрэв. Мартагдах шахсан, олны анхаарал татсан зарим хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийн тулд АТГ, цагдаа, тагнуул, прокурорын байгууллагынхан ажилласаар байгаа юм. Хууль сахиулах байгууллагуудад шалгасан цөөнгүй хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн. Прокурорууд заримыг нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болж байгааг эх сурвалжууд мэдээлэв. Нэг хэсгийнх нь шалгалт үргэлжилж буйг ч дуулгалаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хамтран шалгасан билээ. Хяналтын прокурорууд 60 гаруй хавтаст хэрэгтэй танилцаад мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэсэн үндэслэлээр буцаасныг бид цаг тухайд нь мэдээлсэн.
Энэ хэргийн гол зохион байгуулагч хэмээн яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай хэмээн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт хүргүүлж, хилээр гарахыг хориглосон захирамжийг цуцлуулж, хэргийн бусад оролцогчтой уулзахгүй байхаар шүүхээс шийдвэрлэснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.
Д.ДОРЛИГЖАВ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ С.В.ПАУШОК ХҮСЭЛТЭЭРЭЭ МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ
Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Ч.Бямбаа нарыг өнгөрсөн нэгдүгээр сараас АТГ-ынхан шалгах болсон билээ. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдоос их хэмжээний ам.долларын хахууль авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Тодруулбал, Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” (NRI), “Пайонеринг интернэйшнл” компаниас 2011 оны 9-10 дугаар сарын хооронд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт сэжиглэсэн. Д.Баатарыг хэрэгт хамтран оролцож, хахууль авсан, Ч.Бямбааг дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт буруутгаж буй билээ.
Харин “Алтан дорнод Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын иргэн С.В.Паушок манай хууль сахиулах байгууллагынханд захидал илгээж, 18 сая бус, 23 сая ам.доллароор “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авсан, Д.Баатарт хоёр сая ам.доллар шилжүүлэх талаар Т.Ганболдод үүрэг чиглэл өгч байсан хэмээн бичсэн байдаг. Түүний манай хэвлэлийнхэнд цахимаар илгээсэн захидал, ярилцлага зэргээс хэргийг шалгаж буй АТГ-ынхан зайлшгүй тодруулах зүйл байсан учраас ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхнаас тусламж хүссэн гэнэ. С.В.Паушок ч хууль сахиулагчдад тайлбар мэдүүлэг өгөх хүсэлт гаргаж, урьснаар манайхаас мөрдөгчид хойд хөршийг зорьжээ. Улмаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт С.В.Паушоктой уулзаж, гэрчээр мэдүүлэг аваад ирсэн байна. Ингэснээр хэрэгт ач холбогдолтой баримт нэгээр нэмэгдсэн гэсэн үг.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА
ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд, ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлж буйг бид энэ сарын эхээр мэдээлсэн. Түүнийг дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон хэрэгт буруутгаж буй. Түүнтэй хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан нар гээд маш олон хүнийг шалгасан юм. Тэгвэл энэ хэргийг НПГ-ынхан яллах дүгнэлт үйлдэж удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Харин УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарт холбогдох, ЖДҮХС-гаас хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ зээл авч өгсөн, зээлээ зориулалт бусаар зарцуулсан гэх хэрэгтэй прокурорууд хараахан танилцаж дуусаагүй аж. Уг нь дээрх гурван гишүүнд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн ч зарим зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. АТГ-ын мөрдөгчид прокурорын даалгасан ажиллагааг хийгээд мөн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэхээд байгаа юм.
Эргэн сануулахад, ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг хамаарал бүхий хүнийхээ нэр дээрх компанид ЖДҮХС-гаас 1.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь баримтаар тогтоогдсон гэж үзээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Энх-Амгалан өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ-ын гишүүд олонхоороо түүнийг хамгаалан үлдсэн билээ. Түүнээс хойш удалгүй Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд зэрэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хандсан ч мөн л хамгаалж үлдсэнийг уншигчид санаж буй нь лавтай.
Н.ЗОЛЖАРГАЛЫН ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ
Монголбанкны ерөнхийлөгчөөр байсан Н.Золжаргалыг АТГ болон ЭЦА-ныхан хэд хэдэн үндэслэлээр шалгаж, нэг бус хэрэгт яллагдагчаар тооцоод буй билээ. Тухайлбал, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар тооцоод байгаа. Тэгвэл эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг нь шүүхэд шилжүүлэх гэж буй юм байна.
Тэрбээр Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсныг шалгалтын явцад тогтоон, мөнгөнийх нь эх үүсвэрийг хууль сахиулагчид нарийвчлан шалгаж, Австрийн хууль сахиулах байгууллагынхантай хамтран ажилласнаар нотлох баримт хангалттай цуглуулсан гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон аж. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, Австрид үл хөдлөх хөрөнгө худалдан авсныг тус улсын Прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт баталж буй юм байна. Тэгэхээр Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгасан хэргийг удахгүй шүүхээр шийдвэрлэх нь.
ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАНЫГ ШАЛГАЖ ДУУСЖЭЭ
Засгийн газар, Сангийн сайдын тушаалаар байгуулсан Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгөөс хувьдаа завшиж, идэж уусан, хээл хахууль авсан гэх нэг бус хэрэгт шалгуулж буй билээ. Түүний дотор ерөнхий захирал Д.Баярсайхантай холбоотой хэрэг багтаж байгаа юм. Д.Баярсайханыг тагнуул, цагдаа, АТГ-ынхан хамтран шалгаж, голлох ажиллагааг нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст үргэлжлүүлсэн юм. Түүнийг яллагдагчаар татах саналыг НПГ-т хүргүүлж, улмаар цагдан хорих саналыг хууль сахиулагчид гаргасан ч улс төрд нөлөө бүхий ах, дүүсийнхээ тусламжтайгаар цагдан хоригдоогүй гэх хардлага одоо ч олны дунд байдаг.
Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон. Эргэн төлөгдөх хугацаа нь 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани одоо хүртэл зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн хэмээн буруутгаж буй юм. Түүнд холбогдох хэргийг тагнуулын байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Прокурорууд уг хэргийн бүрдэл хангагдсан гэж үзээд удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Л.ЧИНБАТЫН ТЭДС-ГААС АВСАН ЗЭЭЛИЙГ ПРОКУРОРУУД НЭХЭМЖИЛНЭ
“Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж, улмаар НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр яллагдагчаар тооцсон байдаг. “Хангай миллс”-ийн удирдлага хууль сахиулах байгууллагынханд удаа дараа гомдол гаргасны эцэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад “Гацуурт” компанийн 2013-2014 оны санхүүгийн баримтыг шалгахад гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай 45 221 тн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. Гэвч бодит гүйцэтгэлээрээ 20 309 тн буудай нийлүүлж, 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авах байсан, ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэж санхүүгийн шинжээчид дүгнэсэн байдаг.
Нэлээд удаан шалгасны эцэст Л.Чинбатад холбогдох хэргийг НПГ-аас хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн аж. Гэвч хохирогч талынхан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Л.Чинбатын яллагдагчаар татагдсан 170200083 дугаартай, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдад онц их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэргийг сэргээн шалгахаар болсон гэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд ТЭДС-гаас авсан зээлээ төлөхгүй бол прокурорын байгууллагаас төр, нийтийн эрх ашиг хохирсон гэж үзэж, иргэний журмаар нэхэмжлэл гарган дээрх санд учирсан хохирлыг төлүүлэхээр харьяалах яам, агентлагт нь хандахаар бэлтгэж буй сурагтай.
САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ДАХИН ШАЛГАЖ ДУУСАВ
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дууссан гэнэ. З.Баянсэлэнгийг албан тушаалаа ашиглаж, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцаас 123 айлын байрыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан билээ.
Тэрбээр тухайн байрандаа МАХН-ын гишүүн, дэмжигчээс гадна өөрийн хамаатныг оруулсан байсан нь тодорхой болсон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая, М.Болортуяагийн төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох ял шийтгэн, улсад учруулсан 972.4 сая төгрөгийг “Бэрэн групп”-ээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм. Харин дээд шатны шүүхээс хэргийг дахин шалгуулахаар буцаасан агаад нэмэлт мөрдөн байцаалт нь дуусаж шүүхэд шилжүүлэхээр болсон байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа