Хойд хөрш ОХУ-тай хувь нийлүүлсэн, хамтарсан ганц аж ахуйн нэгж үлдсэн нь УБТЗ ХНН юм. Энэ нийгэмлэгийн үйл ажиллагаа хоёр улсын Засгийн газрын хяналтад байдаг гэж бид ойлгодог. Гэтэл УБТЗ ХНН-ийн даргаар манайхаас томилогдсон дарга нар голдуу авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод хөөгдөж шахам буудаг нь эргэлзээ төрүүлсээр ирсэн. Одоо энэ албан тушаалд сууж байгаа Д.Жигжиднямаа ч багагүй асуудалд орооцолдсоныг бид мэднэ.
Уг нь хоёр улсын итгэлийг хүлээж, энэ ажлыг хийж байгаа хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх учиртай. Үндсэн цалин дээрээ гэрээний цалин гэж жилд 328 сая төгрөг авдаг УБТЗ-ын даргад санхүүгийн зөрчил, ашиг сонирхол гаргах эрх үгүй юм.
Ер нь төмөр зам хэмээх салбарын их мөнгийг гарын үсэг зурж зарцуулна гэдэг Монгол, Оросын тал хөрөнгөө итгэж даатгаад байгаа хэрэг. Нөгөөтээгүүр, УБТЗ ХНН-ийн хөрөнгө мөнгө бол хоёр улсын төрийн, ард түмний өмч юм. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн гарын үсэг зурж, худалдан авсан тос, тосолгооны бүтээгдэхүүнтэй холбоотой нэгэн баримтыг дэлгэж байна.
УБТЗ ХНН нь М-14Д2 тосыг ОХУ-аас худалдаж авсаар ирсэн байдаг. Бидэнд тус нийгэмлэг 2015 оны гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын “Нефтегазстройальянс” ОсОО-тай гэрээ байгуулж, 95 040 тонн М-14Д2 тос худалдаж авсан. Ингэхдээ тонн тутмыг 2340 ам.доллар, нийтдээ 222 393 60 ам.доллароор авсан баримт байна. Тухайн өдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 1989.18 төгрөгтэй тэнцэж байв.
Ингэхээр нэг тонныг 2340 ам.доллар буюу 4 654 681.2 (дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян нэгэн төгрөг хоёр мөнгө), 95 040 тонныг 189 051 667 (нэг зуун наян есөн сая тавин нэгэн мянга зургаан зуун жаран долоо) төгрөгөөр худалдаж авсан болж таарав. Тэр үед УБТЗ ХНН-ийн дарга нь Л.Пүрэвбаатар байжээ.
Харин үүнээс нэг жил 10 сарын дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын 17-нд УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа яг энэ төрлийн тосыг худалдаж авахаар “Туркуаз машинери Монголиа” ХХК-тай гэрээ байгуулжээ.
Уг гэрээний дагуу 180 тонныг худалдаж авсан байна. Харин тонн тутмыг нь 10 325 000 төгрөгөөр авчээ. Ингээд 180 тоннын үнэ болох 1 858 500 000 (Нэг тэрбум найман зуун тавин найман сая таван зуун мянга) төгрөгийг “Туркуаз машинери Монголиа” ХХК-ийн данс руу хоёр хувааж шилжүүлсэн байна.
Эхлээд нэг зүйлийг тодруулан хэлье. ОХУ-ын нефтийн компаниудын албан ёсны сайт дахь мэдээллүүдээс үзэхэд М-14Д2 тос нь 2015 оны дээрх гэрээний үнээс төдийлэн нэмэгдээгүй байгаа юм. Ингэхээр 2015 онд “Нефтегазстройальянс”-аас тонн тутмыг 4 654 681.2 төгрөгөөр авч байсан М-14Д2 тосыг 2017 оны нэгдүгээр сард “Туркуаз машинери Монголиа” ХХК-иас 10 325 000 төгрөгөөр авсан нь ихээхэн эргэлзээтэй харагдаж байна.
Мэдээж хэрэг, Д.Жигжиднямаа дарга энэ мэдээлэлд “Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Ам.доллар өссөн” гэж ярьж мэднэ. Уучлаарай, үгүй юм байна. Тухайн үед тодорхой өсөлт гарсан ч арай ингэж бүтэн нугалсан “шахаа” хийх боломжгүй байсныг дэлхийн эдийн засгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл, судлаачид, Монгол Улсын Засгийн газрын тайлан мэдээнээс харж болно.
“Ам.долларын ханш өссөн” гэж бас тайлбарлана. Бас л үгүй. Уг гэрээг хийсэн 2017 оны нэгдүгээр сарын 17-нд Монголбанкинд нэг ам.долларын ханш 2490.83 төгрөг байв. Үүнийг Д.Жигжиднямаагийн худалдаж авсан үнэ 10 325 000 төгрөгтэй харьцуулахаар мань эр тонныг нь 4 145.2 ам.доллароор авчихсан болж таараад байгаа юм. Гэтэл үүнээс жил гаруйхны өмнө тонныг нь 2 340 ам.доллароор авч байсан баримт байдаг. Зөрүү нь 1 805.2 ам.доллар болно. Гэхдээ энэ багцаа тооцоолол гэдгийг уншигчид маань анхаарах биз ээ.
Үүнээс гадна “Туркуаз машинери Монголиа” ХХК бол Их Британийн байгалийн хий, газрын тосны томоохон компани болох Shell-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэж бас тайлбарлаж болзошгүй. Гэвч Д.Жигжиднямаа Shell-ийн М-14Д2 тосыг худалдаж авах боломжгүй. Учир нь Shell-ээс авах бол тонн тутмыг нь 10 биш 20 сая төгрөгөөр төлөх аж. Тийм л өндөр үнэтэй юм байна. Түүнчлэн Д.Жигжиднямаа нь “Туркуаз Машинери Монголиа” ХХК руу 1 858 500 000 төгрөг шилжүүлэхдээ журмын дагуу гарын үсэг зурж баталгаажуулах ёстой УБТЗ ХНН-ийн орлогч дарга, бусад албан тушаалтнуудыг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн байх магадлалтай.
Хэрэв ингэсэн бол ноцтой асуудал үүснэ.
Эцэст нь хэлэхэд, хоёрхон гэрээг харьцуулахад ийм хэмжэний зөрүү гарч байна. Тиймээс яг энэ талаар, мөн тос, тосолгооны бүтээгдэхүүн, ер нь УБТЗ ХНН-ийн худалдан авалттай холбоотой асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллага хяналт шалгалт, үнийн судалгаа хийж үзэх цаг нь болсон байна.
Шалгаад, нягтлаад Д.Жигжиднямаа алдаа гаргаагүй бол түүнийг нь зарлаж, алдаатай бол хариуцлага сануулах учиртай. Яагаад гэвэл төр өмчөө мэдэх эрхтэй билээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ