“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корпорэйшн) ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран шалгасан билээ. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар худалдан авсан гэх хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцон, цагдан хорьж байснаа суллан өдгөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад буй. Харин өнгөрсөн баасан гарагт тус шүүх Д.Эрдэнэбилэгт авсан таслан сэргийлэх дээрх арга хэмжээгээ өөрчилжээ. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон прокурорын байгууллагаас авсан мэдээллээр түүний өмгөөлөгч нар шүүхэд хүсэлт тавьсан гэнэ. Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт тавьсныг шүүх хянаж үзээд хилээр гарахыг хориглосон захирамжаа цуцалсан байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа