Олон нийтийн сүлжээнд багагүй хугацаанд танил болсон иргэн Б-гийн нөхөр энэ оны зургадугаар сарын 22-нд сураггүй алга болж, эрэн сурвалжилсан, цогцос нь олдсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Эл хэргийг өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэргийг шалгах хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж буй. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн алба хаагчид тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б-гийн гомдлыг үл ойшоож, сураггүй болсон нөхрийг нь эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулаагүй байдаг. Үүнд бухимдсан Б фэйсбүүк хуудсаараа дамжуулан цагдаагийн байгууллагын хандлага, иргэнтэй харилцаж буй байдлыг шүүмжилсэн билээ.
Түүний дараа буюу долдугаар сарын 7-ноос цагдаагийнхан иргэн А-г эрэн сурвалжилж, маргааш нь цогцсыг нь олсон байдаг. Улмаар цагдаагийн байгууллагын дарга нар Б-гээс фэйсбүүктээ бичсэн зүйлээ устгахыг хүссэн гэдэг. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан, ажилдаа хайнга хандсан гэх дөрвөн алба хаагчид арга хэмжээ авснаа цагдаагийн байгууллагынхан иргэн Б-д мэдэгджээ. Энэ талаар иргэн Б “Монгол Улсад заавал олон нийтэд хандаж байж ажил явдаг юм уу. Ханийг минь тэр дор нь хайж өгөөгүй цагдаа, хайхрамжгүй хандсан хуулийн байгууллагад гомдож байна” гэж бичжээ. Нөгөөтээгүүр, дээрх дөрвөн алба хаагчид яг ямар арга хэмжээ авснаа тодорхой мэдээлээгүйг тэрбээр шүүмжилсэн.
Бэлтгэсэн: Д.Тэлмэн