Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал олборлох эрхтэй “Баатарван транс” компанийн үйл ажиллагааг түр зогсоох тухай захирамжийг тус аймгийн Засаг дарга өчигдөр гаргажээ. Энэ сарын 18-ний 21.00 цагт нутгийн иргэд болон компанийн ажилчид маргалдсаны улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн аж. Тус компанийнхан уурхай нээхдээ ИТХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд орон нутгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаагүй, нутгийн иргэдийг ажлын байраар хангадаггүй гэнэ. Үүнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2 дахь заалтыг үндэслэн эмх замбараагүй байдал дахин үүсэхээс сэргийлж дээрх арга хэмжээг авсан байна. Ингэснээр тус компанийнхан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хянан шалгах Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаа явуулах эрхгүй болов.