Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар тооцон шалгаж дуусаад өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлсэн юм. Түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны гуравдугаар сарын 14-ний зарлигаар шүүгч асан П.Долгормаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон билээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүхэд хандсан иргэний нэхэмжлэгчээс 20 сая төгрөг өгөхийг шаардаж, бэлнээр уг мөнгийг гаргуулж авсан. Улмаар хахуульд өгсөн мөнгөө нэхлээ хэмээн шүүхийн шийдвэрт нь удаа дараа нөлөөлсөн гэх хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан шалгасан. Түүнд дарамтлуулан хахууль өгсөн гэх иргэн П.Орхоныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн яллагдагчаар тооцсон юм.
Дээрх хүмүүст холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-ны 09.00 цагт хэлэлцэхээр анх товлосон ч шүүгдэгч П.Долгормаа, П.Орхон нар өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргасан тул энэ сарын 19-нийг хүртэл хойшлуулсан байна. Уржигдар хийхээр товлосон шүүх хурал мөн л хойшилжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа