ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдрийн турш хэлэлцсэн ч хараахан шийдвэрээ гаргасангүй, өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх төлөвтэй байгааг тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэв. УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр нэр бүхий есөн хүний гэм буруутай, эсэхийг дэнсэлж буй бөгөөд өчигдөр үдээс өмнө ШШГЕГ-т ажиллаж байсан нэгнийг гэрчээр асуусан юм.
Гэвч царай, зүсээ нууцалж гарч ирсэн гэрчийг дээрх шүүхийн байрны гадаа жагсаж байсан иргэд, зарим сэтгүүлч бүчин авч, ямар нэг зүйл хэлүүлэхийг оролдсон нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлын баталгаа алга гэж олон нийтийн сүлжээнд шүүмжлэхэд хүргэсэн. Мөн шүүгдэгч, хошууч генерал Б.Хурцад улаан хүрэмтэй эмэгтэй өмнөх өдөр нь бичиг дамжуулсан нь олны анхаарлыг татаад байв. Харин түүний өмгөөлөгчөөр ажиллаж буй Г.Батбаяр “Тэр бичиг нь та хариуцлагаа хүлээх ёстой л гэсэн утга бүхий зурвас байсан” хэмээсэн.
Шүүхийн хэлэлцүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу үргэлжилж, гэрчүүдийн мэдүүлгийг сонссоны дараа бичгийн болон бусад нотлох баримтыг шинжлэн судалсан байна. Шинжилж буй нотлох баримт дунд УИХ-ын гишүүдэд үзүүлсэн, Төв аймаг дахь ШШГА-ны харьяа Цагдан хорих байранд хохирогч нарыг бусад ялтнаар дарамтлуулан, зодуулж буй бичлэг ч байгаа аж.
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрынхны мэдээлснээр, цөөнгүй холбогдогчтой, олон хавтаст, ээдрээ төвөгтэй хэргийг хэдхэн хоногт багтааж шийдвэрлэх боломжгүй. Тиймээс баасан гаргийн ажлын цагт багтаж шийдвэрээ гаргаж амжихгүй ч байж болзошгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсэхийг шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж шийдэх учиртай байхад олон нийтийн сүлжээгээр тийм утгатай мэдээлэл цацаж буй нь зохисгүй” гэв.
Бэлтгэсэн: Г.Равжаа