Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийг гурав дахь өдрөө хэлэлцсэн ч хараахан шийдвэрээ гаргаагүй байна. УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр НПГ-аас уг есөн хүнд яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр хаалттай шүүх хурлын явцын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Шүүхийн хэлэлцүүлэг энэ сарын 12-ноос хойш гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын явцад шүүгдэгч есөн хүн болон хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нараас мэдүүлэг авч дууссан. Одоогоор гэрчүүдийн мэдүүлгийг сонсож байгаа. Шүүх хурал маргааш ч үргэлжлэх төлөвтэй. Хуралд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар, хохирогч, гэрчүүдийн өмгөөлөгч, шүүх бүрэлдэхүүн гээд 49 хүн оролцож байна. Маш нууцын зэрэглэлтэй ирсэн энэ хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцлах юм. Тиймээс шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа. Энэ сарын 13-ны хурлын үеэр хохирогч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн даралт ихсэж эмчийн тусламж авсан. ШШГЕГ-аас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дагалдуулж эмч томилсон нь энд ирсэн. Цаг тухай бүрт нь эмч биеийн байдлыг нь үзэж байгаа” хэмээлээ.
Шүүх хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч татгалзсан нь шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж, хууль зөрчих эрсдэлтэй гэж үзсэнээс уг шийдвэрийг гаргасан гэнэ. Дээрх есөн хүний гэм бурууг дэнслэхэд гэрчээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг оролцуулж, мэдүүлгийг нь сонссон байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа