Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс албаны хүмүүс хуурамч баримт бүрдүүлж, хувьдаа завшсан хэрэг өмнө нь нэг бус удаа гарч, шүүхээр шийтгүүлж байсан. Тухайлбал, нас барагсдын нэрээр арилжааны банкны ажилтнуудтай нийлэн улсаас их хэмжээний мөнгө завшсан, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд иргэдийн өвчний түүхийг хуурамчаар үйлдэж, “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн баримт бүрдүүлэн дээрх санд их хэмжээний хохирол учруулсан хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгасан билээ. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд цагдаагийнхан бас хэд хэдэн албан тушаалтныг саатуулан, шалгаж эхэлжээ.
Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан болох Э, Ц нар иргэн О, Б хоёртой хуйвалдан хуурамч баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс завшсан гэх үйлдэлд холбогдсон гэнэ. Ингэхдээ нярайлаагүй хүнийг амаржсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж завшиж байж. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг өөрийн хамаарал бүхий хүмүүст олгож байсан баримт ч гарч ирсэн гэнэ. Тиймээс ЭЦА-ныхан Э, Ц нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Тэд хэд хэдэн компанийг ашиглаж, 300 гаруй хүний нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангаас мөнгө завшиж хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр ийнхүү шалгаж буй аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа