Хүний хэрэгцээ шаардлагыг далимдуулан хяхаж хавчин, мөнгө авдаг хэсэг бүлэг албан хаагч бий. Тэд бол төрийн захиргааны дунд шатны зарим ажилтан юм. Тэднийг олон улсад “өвсөн тэжээлтнүүд” гэж нэрлэдэг. Тэрбум, тэрбумаар нь идэж, уудаг өндөр дээд түвшний албан тушаалтан буюу “Махан идэштнүүд”-ийг бодоход тэд өдөр тутам бага багаар авлига авдаг учир дээрх тодотголд хамаарна. Тэд иргэдийг хэрхэн хяхаж хавчдаг юм бол. Иргэд дор бүрнээ нэг нэг жишээ хэлнэ гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Цөөнгүй хүнтэй уулзсаных хэд хэдэн жишээг энд өгүүлье. Тухайлбал, замын зарим цагдаа “өвсөн тэжээлтэнд” хамаарна. Цагдаа нар өдөр бүр иргэдийн халаасыг сэгсэрч амь зуудаг гэх. Халуунд халж, хүйтэнд хөрдгийг нь харгалзаж, төр, засаг тэднийг чадлаараа дэмжиж, ажиллах ая тухтай нөхцөлийг нь бүрдүүлэхийг хичээдэг. Мөн тэд ард түмний татварын мөнгөөр цалинждаг. Тэгсэн хэрнээ буцаагаад жирийн иргэнээ өдөр тутам торгож, ямар нэг байдлаар хяхаж, хавчдагийг АТГ-ын нэгэн комиссар онцолсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалттай өдөр хотын төв рүү орох гэсэн жолоочид шаардлага тавиад буцаахын оронд 20 000-30 000 төгрөг авч цааш явуулдаг гэх. Харин осол гарах үед болохгүй гэдгийг мэдсээр байж хориглоогүй цагдаагийн алба хаагч биш, жолооч л буруутдаг.
Өдөрт дор хаяж арван хүнийг торгодог гэж тооцвол 200 000-аас дээш төгрөг шүгэл үлээж дохиур эргүүлээд жолоочоос авдаг болж таарах нь. Ганц замын цагдаа биш, мөрдөн байцаагч нар ч хэрэгт холбогдсон сэжигтэн нарын халаасыг тэмтэрч амьдардаг гэнэ. Бүр ямар нэг гэм хийгээгүйг нь мэдсээр байж хилс хэрэг тулган, мөнгө авсны дараа холбогдолгүй болохыг нь нотолсон баримт дэлгэж, хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлдэг гэсэн яриа ч бий.
“Хүн ардын эрүүл мэндийн манаанд өдөр, шөнөгүй зүтгэдэг, цалингаа нэмүүлье” гээд сүрийг үзүүлж үе үе жагсаал, цуглаан зохион байгуулаад байдаг эмч нар ч бас “өвсөн тэжээлтэн”-ий аймагт элсчихжээ. Гадаад, дотоодод явах гэсэн иргэн, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа өвчтөнүүдийн халаасан дахь хэдэн төгрөгөөс нь цагаан нөмрөгтнүүд өдөр тутам “хумсалдаг” аж. Нэгэнт тодорхой болсон оношийг карт дээр тэмдэглэж, тамга дарахаас зайлсхийж “Өнөөдөр, маргааш ир” гэсээр өвчтөнийг туйлдуулдаг юм байх. Энэ мэтээр бусдын эрхийг хязгаарлаж, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй хясан боогдуулж, хүнд суртал гарган, хахууль нэхдэг төрийн албан хаагчид олширсныг АТГ-ынхан онцолж байна.
Үүнээс гадна мэргэжлийн хяналтын улсын зарим байцаагч “өвсөн тэжээлтэн”-д зүй ёсоор тооцогдоно. Улсын байцаагч нэрийн доор хяналт шалгалт хийж, шалих, шалихгүй өө гарган баалж, бага, дунд түвшний бизнес эрхлэгчдийг дарамталж, хясан боогдуулах замаар авлига авдаг. Саяхан олон нийтийн мэдээллээр эл үйлдэл нь цацагдаж, “од” болсон мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э.Аззаяа, Н.Баярсайхан, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын үйлдсэн хэрэг үүний тод илрэл юм. Тэд экспорт, импортын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхээ ашиглан цөөнгүй иргэнийг дарамтлан багагүй авлига авсан байдаг.
Иргэн О ОХУ-аас өндөг импортолдог. Хурдан муудаж, чанараа алдах эл хүнсний бүтээгдэхүүнийг хил, гааль дээр сар жилээр “саатуулж” болохгүй. Улсын байцаагч нар зохих ёсны зөвшөөрөл авахаар ирсэн бизнес эрхлэгчийг “Үдээс хойш больё, дараа ир” хэмээн удаа дараа буцааж, олон хоног чангалдаг гэнэ. Эцэст нь санаснаа гүйцээгээд иргэнд зохих ёсны зөвшөөрлийг нь өгдөг. Иргэн Ч энэ мэт хавчлагад өртдөг байж. Тэрбээр рапс буюу тосны ургамал импортолдог. Албан хаагчийн өрөөний хаалгыг нэг, хоёр, долоо хоног сахисаар аргаа барж, бүтээгдэхүүнийхээ чанарыг алдагдуулахгүйн тулд авлига өгснөө хүлээсэн байдаг. Харин иргэн Б тахианы мах оруулж ирдэг аж. Дээр дурдсан О, Ч нарын жишээ түүнд дээр давтагдсан. Хилээр бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх болгондоо Н.Баярсайханд мөнгө өгсөөр авлигын хэмжээ багагүй болжээ. Г, М нар бас амархан муудах хүнсний ногоо, жимс оруулж ирдэг. Бас л хяхаж, хавчигдахын зовлон туулжээ. Энэ гачигдлаа давахын тулд мөн л мэргэжлийн хяналтын байцаагчид хэдэн “бор юм” атгуулсан байна. Хясан боогдуулах нь хэрээс хэтэрсэн тул таван иргэн хамтарч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хандсан байна. Тодруулбал, иргэн Г, Ч, М, Б, О нар аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, төрийн үйлчилгээ авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдүүлжээ.
АТГ-ынхан багагүй хугацаанд гүйцэтгэх ажиллагаа явуулж, авлигачдыг илрүүлсэн юм. Энд нэг зүйлийг хэлэхэд Э.Аззаяа авлигыг гардаж аваагүй. Гэхдээ авлигын мөнгө гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханы авчирсан мөнгөнөөс хуваалцдаг байж. Тиймээс түүний мөнгө угаасан үйлдэлд ял төлөвлөж, шүүхээр хэргийг шийдсэн билээ. Мөн Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нар энэ хэргийг Н.Баярсайхантай хамтарч үйлдсэн. Улмаар хэргийг нуун дарагдуулсан аж. Хэргийг оны эхэнд шүүн тасалсан. Харамсалтай нь, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч, дарга нар торгууль төлөх төдийхнөөр шийтгүүлсэн нь өдгөө дуулиан болж олны анхааралд өртөөд байгаа. Тодруулбал, Н.Баярсайхан нарын хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгосон. Харин Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Харин авлига өгснөө мэдээлээгүй 10 гаруй иргэнд торгуулийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хассан билээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний ажилтан Виталий Каско манай улсад авлигын хэргийг хэрхэн шийдэж буй талаар “Монголд авлигын хэрэгт бодитой ял оноохгүй байна. Ихэнхдээ торгож, заримдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүгчдэгчид ял завших боломж олгодог. Шүүх бүрэлдэхүүн голдуу торгох ял оноож байгаа нь харамсалтай. Ял шийтгэлийг торгох байдлаар өгөөд байвал Монгол Улс авлигатай тэмцэх үйлдлээс ухарсан хэрэг болно. Мөн авлига авсан этгээдийн ялыг болж өгвөл биеэр эдлүүлэх нь авлигатай тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулна. Авлигад авсан мөнгө битгий хэл, үндсэн хөрөнгийг хураах ёстой. Мөрдөгч нар авлигын хэргийг шалгахдаа эх сурвалжийг бүрэн гүйцэд судлалгүй орхиж байна. Ялангуяа санхүүгийн байдлыг сайн шалгах хэрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн заалт тус бүрт таван жилээр зүйлчилсэн байгаа нь хэтэрхий бага” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Харин АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, эрхэлсэн комиссар Т.Баярхүү энэ талаар “Эрүүгийн хуулийн шинэ зохицуулалтаар хахууль өгсөн иргэн ялаас мултарсан анхны тохиолдол гарсан. Авлигын гэмт хэргийн талаар мэдээлэх олон нийтийн хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий зохицуулалт хуульд тусгаж өгсөн нь сайн. Энэ заалт амьдрал дээр хэрэгжиж, авлига өгснөө сайн дураараа илчилж ирсэн нэр бүхий иргэдийг ялаас чөлөөлсөн. Албан тушаалтны хясан боогдуулж хахууль авсан үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэхээс айх шаардлагагүй болсныг онцолъё” гэв.
Төр иргэний өмнө үүрэг хүлээж, үйлчилгээ авах бүх шаардлага, нөхцөлийг хангадаг. Гэтэл үүнийг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээ тэдэнд хүрч чадахгүй байна. Улмаар иргэд аргагүй байдалд орж хахууль өгөхөд хүрдгийг баримтаар мэдээллээ. Авлига өгснөө сайн дураараа хүлээсэн бол ялаас чөлөөлөгдөж бас болох нь. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.5-д зааснаар иргэн ялаас чөлөөлөгдөх боломжтой. Гэхдээ авлига өгсөн бүхэн ялаас чөлөөлөгдөхгүй. Тиймээс доорх Эрүүгийн хуулийн зүйл заалтыг анхаарч үзэхийг хүсье.
Энэ бүхнийг дурдсаны учир нь иргэн та аргагүй байдалд орж авлига, хээл хахууль өгсөн бол хариуцлага хүлээхгүй гэдгийг л ойлгуулах гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, “өвсөн тэжээлтнүүд”-ийг өөгшүүлж болохгүйг хэлж буй санаа. Авлигад жижиг, том гэсэн ойлголт байдаггүй. Жижиг авлига өдөр ирэх тусам томорсоор нийгэмд ирэх сөрөг үр дагавар нь том авлигатай тэнцэх хэмжээнд хүрч эрсдэл дагуулдаг. Тиймээс олон нийтээс аминчилж нэг зүйлийг гуйх гэсэн юм. Өдөр бүр авлига авдаг “өвсөн тэжээлтнүүд”-ийн үйлдэл бүрийг АТГ-т ховлоорой.