ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд, ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж дуусаад, удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэх гэж буйг бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түүнийг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр шилжүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Б.Батзоригтой хамт ХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан бодогч нар гээд маш олон хүнийг шалгасан юм. Уг хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн бөгөөд өдгөө хяналтын прокурорууд хавтаст хэрэгтэй танилцаж байгааг эх сурвалжууд хэллээ.
Мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Онч шийдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, ХХААХҮ-ийн сайдад холбогдох шүүх хурал өчигдөр болох байсан ч 14 хоногийн хугацаагаар хойшлуулав. Тус төрийн бус байгууллагынхан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалуудын хавсралтаар ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх олгосон “Газар буудай”, “Дорнод гурил”, “Монгол шаазан”, “Ред стар клуб”, “Тээвэр ачлал”, “Хүннү”, “Цэн стайл”, “Эпато анарваан”, “Баяр плант ХААБ”, “Доктор Мэйк”, “Мондем”, “Ти Эс Эн”, “Түгээмэл түмэн хишигтэн”, “Их Улс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар дээрх шүүхэд өнгөрсөн өвөл хандсан байсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа