Дэлхий нийтийг түгшээсээр байгаа хар тамхины аюул Монгол орныг минь нөмөрч, олон залуу мансуурлын ангал руу унаж байна. Монгол орны ирээдүй, хойч үе болсон залуус цагаан тахалд хордож байхад харалган төрийн баталсан хуулийг шүүх байгууллага нь хэрэгжүүлэхдээ мансуурагчдын, тэднийг уруу татаж, золиослогчдын толгойг илсээр байгаа нь харамсалтай. Уг нь манай улс хар тамхи, мансууруулах бодистой өнө эртнээс тэмцэж, хатуу хариуцлага тооцож байсан түүх олон эх сурвалжид байдаг. Гэтэл 2015 онд УИХ-аар баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд мансуурагчид, бусдыг цагаан тахалд уруу татагчдад ногдуулах хариуцлагыг хоёр хөрштэйгөө харьцуулахад ч, дэлхийн бусад оронтой жишихэд ч хэт зөөлөн болгосон нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан үйлдэл гэлтэй. Манай улс сүүлийн хэдхэн жилийн дотор хар тамхийг дамжуулагч, тээвэрлэгчээс хэрэглэгч орны тоонд орчихоод байхад шүү дээ. Магадгүй хууль тогтоогч, эрх мэдэлтнүүд мансууруулах бодист донтсон хүүхдүүдээ эрүүгийн хариуцлагаас мултлахын тулд ял шийтгэлийг нь багасгасан байж ч болох.
2000-ААД ОНЫ ЭХНЭЭС Л ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ БАЙВ
Манай улсын хэмжээнд хар тамхины хэрэгт холбогдон шалгуулсан хүн ч, гарсан хэрэг ч жил бүр өссөөр байна. 2017 онд гэхэд 117 хэрэгт 275 хүн шалгуулж байсан бол дараа жил нь 199 хэрэгт гадаад, дотоодын 412 иргэнийг холбогдуулан байцааж, заримыг нь шүүхээр шийдвэрлүүлжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 72 хэрэгт 130 хүнийг байцаасан нь өнөө жилийн эцэст өмнөх жилийнхээс хэд дахин өсөх магадлалтай үзүүлэлт. Ийнхүү өсөн нэмэгдэж байгаа нь хуулийн хэт зөөлөн бодлого, залуус нэгнээ уруу татах хандлага, гадаадын хар тамхины сүлжээнд элсэн, мансууруулах бодис тээвэрлэхдээ эх орноороо дамжуулдаг байсантай холбоотой. Тухайн улсын нутаг дэвсгэрээр дамжуулсан мансууруулах бодисын 20 илүү хувь нь тэр оронд үлддэг гэсэн судалгааг олон улсын шинжээчид гаргасан байдаг шүү дээ. Тэгэхээр бид ийнхүү жил бүр өсөн нэмэгдэж, хойч ирээдүйд минь заналхийлж байгаа цагаан тахлын энэ аюулаас яаж улс орноо аврах вэ. Хуульч, судлаач, цагдаагийн мөрдөгч, сэтгэлзүйч эмч зэрэг хэд хэдэн хүнтэй уулзахад “2000-аад оны эхэн үед л Монголд мансууруулах бодис оруулж ирсэн эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд хатуу хариуцлага тооцож, түүнээс хойш илэрсэн хамтлаг, дуучид, олны танил хүмүүсийн холбогдсон хэрэгт өршөөл, уучлал үзүүлэлгүй шийдвэрлэсэн бол уг нь сургамж болох л байсан. Шүүх үл ялих шалтгаар хэргийг цагаатгаж, хариуцлагаас мулталдаг нь ийнхүү даамжрахад хүргэсэн” хэмээж байна.
1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр тухайн үеийн Монголбанкны тэргүүн асны хүү, “Монголросцветмет” удирдаж байсан эрхмийн хөвгүүнтэй нийлж онгоцоор мансууруулах бодис оруулж ирснийг хууль сахиулагчид илрүүлж байв. Гэвч тэд Монгол Улсын хилээр нэвтрээгүй байхдаа, онгоцон дотор баригдсан нь шүүх тэднийг ялаас мултлах үндэслэл болсон юм. Энэ хэргээс хойш мансууруулах бодистой холбоотой үйлдэлд дуучид, дипломат эрх мэдэлтэн холбогдсон ч өршөөл, уучлал үзүүлсээр хариуцлагаас мулталж байсан түүхтэй. Тухайлбал, Болгар улсад суух манай ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбал 2004 онд 200 орчим кг хар тамхи (героин) тээвэрлэж яваад тус улсын тусгай албаныханд баригдсан. Түүний тээж явсан “бараа” нь 23 сая ам.доллароор үнэлэгдэж байсан бөгөөд түүнд холбогдох хэргийг 2006 онд эх оронд нь шилжүүлэн шийдвэрлэж, Ерөнхийлөгч уучлал үзүүлэн сулласан юм даг.
Барын зулзагыг бага дээр нь гэж цэцэн үг бий. XXI зуун гараад удаагүй байхад манай орны үүд хаалгыг тогшоод байсан тамхи, тэр дундаа хар тамхины аюулыг дарсан бол өнөөдөр үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрэхгүй байсан нь лавтай. Түүгээр ч зогсохгүй дипломат албан тушаалтнууд улс орныхоо нэрийг хөөдөхгүй байсан нь мэдээж. Эрх мэдлээ урвуулан тамхины наймаанд оролцсон дипломат ямба эдэлдэг хүмүүстэйгээ тухайн үед нь хариуцлага тооцож чадсан бол өнөөдөр тэд хар тамхины контрбандын хэргээр Европт баригдаж, эцэг эх, ах дүүсийнхээ, улс орныхоо нэрийг бузарлахгүй л байсан шүү дээ. Яагаад үүнийг онцлов гэхээр Туркийн Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг герион албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын хил, гаалийнханд өнгөрсөн тавдугаар сарын 3-нд баригдаад буй билээ. Тэднээс өмнө ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын эрх бүхий ажилтан мөн л хар тамхи зөөж, тээвэрлэсэн үндэслэлээр ХБНГУ-ын хууль сахиулах байгууллагынханд саатуулагдан шалгуулж байгааг бид мэдээлсэн.
ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагад шалгуулж буй хүмүүсийн нэг нь өнөөгийн манай хууль сахиулах байгууллагынханд хүндлэгдсэн нэртэй багш, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж буй хүний хүү. Нөгөө нь буюу Сосорбарамын Эрдэнэбаяр нь Гавьяат хуульч, мөн л хууль сахиулах байгууллагад гэр бүлээрээ ажиллаж байсан ээж, аавын хөвгүүн байгаа юм. Тэрбээр өмнө нь буюу 2012 онд тамхи хил давуулан наймаалсан хэрэгт холбогдож, Польш улсын Лублин хотын Цагдаагийн газраас Интерполд хандан эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан 40-өөд хүний нэг юм. Тэр 40 хүний дотор өнөөгийн цагдаагийн байгууллагад удирдах алба хашиж буй, хурандаа цолтой нэг эрхмийн нэр ч цохиж яваа. Энэ бүхнийг тоочсон нь дээр дурдсан барын зулзагыг бага дээр нь дарж, тамхины наймааны хэрэгт холбогдсон даруйд нь дипломат албанаас халж, төрийн эрх бүхий албан тушаалд томилохгүй явсан бол ийм байдалд хүрэхгүй байсныг дахин хэлэх гэснийх юм.
АФРИКИЙН ХАР ТАМХИНЫ МАФИЙНХАН МОНГОЛЧУУДТАЙ ХОЛБОО ТОГТООСНЫГ ХЯТАДУУД АНХААРУУЛСАН
Монголчууд 2000-аад оны дунд, сүүл үеэс Зүүн өмнөд Ази дахь хар тамхины “Алтан гурвалжин” гэх бүлэглэлийнхэнтэй холбогдон, тэдний гар хөл болж улс, орон дамнуулан шулуун гэдэс, ходоодондоо хар тамхи нуун тээвэрлэдэг байв. Тэгвэл 2010-аад оноос хойш Африкийн хар тамхи борлуулагч бүлэглэлийнхэнтэй нийлж, үндэстэн дамнуулан мансууруулах бодис дайвар ачаа хэмээн зөөх болсныг тухайн үед нь БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид манайханд анхааруулах болжээ. Тухайлбал, эх орон нэгтнүүдээ төдийгүй төрсөн дүүгээ эхнэрийнх нь хамт золиослон хар тамхи зөөлгөж байсан Б.Хулан, Б.Халиун нарын нэг нь африк эртэй дотно холбоотой байж, түүний бараагаа борлуулах ажилд нь монголчуудаа татан оролцуулж байсан гэдэг.
Түүнээс хойш ч Африк тив дэх хар тамхи борлуулагч сүлжээнийхэн монголчуудыг, Монгол орныг онилсон хэвээрээ байсны илрэл нь өнгөрсөн нэгдүгээр сард баригдсан Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гурван эр, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэйд холбогдох хэрэг билээ. Тэднийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган, маш их хэмжээний мансууруулах бодистой нь баривчилсан билээ. Тус газрын алба хаагчдын нэг жилд хураан авсан бодисын 60-70 хувьтай нь тэнцэх хэмжээтэй “ice” хэмээх метамфетамины төрлийн бодисыг Монголд багш, оюутан нэрээр суурьшсан хар тамхины мафийн төлөөлөл хүлээн авч, борлуулж байсныг манай хууль сахиулагчид өндөр сонор сэрэмжтэй байсны дүнд илрүүлсэн юм. Хэрэв хагас тэрбум шахам төгрөгөөр үнэлэгдэж буй энэ их хэмжээний бодисыг илрүүлээгүй, залуусын дунд тараасан бол маш их сөрөг үр дагавартай байсан нь гарцаагүй.
Дээрх дөрвөн хүн маш их хэмжээний “мөс”-ийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон билээ. Монголд суурьшсан бүлэглэлийн толгойлогч гэж болох, баривчлагдаж буй зураг, бичлэг нь тухайн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан 31 настай Адекола Олавасен Азийз нь манайд 2016 оны арваннэгдүгээр сараас хойш амьдарч буй. “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвд цагийн багшаар ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” бүрэн дунд сургуульд багшилдаг байсан тэрбээр Принц Шон Азелотти гэдэг хуурамч нэрээр өөр нэг сургалтын төвийн багш байжээ. Тэрбээр ерөнхий боловсролын сургууль л төгссөн, дээд боловсролгүй нэгэн болох нь шалгалтаар тогтоогдсон юм.
Харин Монголд суурьшсан Африкийн гэмт бүлэглэлийнхний хэрэгт холбогдсон эмэгтэй Изичукву Чиома Фавор нь 2016 онд Монголын үндэсний их сургууль (МҮИС)-д уламжлалт анагаах ухааны ангид элссэн нэгэн бол Адиоди Елижах Оладапо нь манай улсад 2018 оны хоёрдугаар сард жуулчны 90 хоногийн хугацаатай виз авч орж ирээд хугацаа хэтрүүлэн амьдарч байсан нь цагдаагийнхны шалгалтаар тодорхой болсон билээ.
Өнгөрсөн өвөл хууль сахиулагчид илрүүлж, дуулиан шуугиантайгаар баривчилсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй хагас жил боллоо. Прокуроруудын үл биелэгдэх шахам даалгавраас болж мөрдөн байцаалт удааширч болзошгүй болсныг өнгөрсөн хавар эх сурвалжууд хэлж байв. Учир нь Африкийн хар тамхины мафийн төлөөлөгчдийн явсан маршрут, мансууруулах бодис оруулж ирсэн чиглэлийг тогтоох даалгавар өгч байсан юм. Эдгээр даалгаврыг нь гадаад орнуудын хууль сахиулагчид биелүүлж ирүүлсэн, эсэх нь тодорхойгүй. Юутай ч Үндэсний их баяр наадмын өмнө яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхийн тулд хавтаст хэргээ үдэж байсныг хэд хэдэн эх сурвалж хэллээ.
Харин прокурор хянаж үзээд мөрдөн байцаалт дутуу, гадаад оронд хийх ажиллагаа дутуу гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт холбогдогчдод ял завшуулах боломж олгоно. Яагаад ингэж үзэх болов гэхээр манай хууль сахиулагчид аль ч улсад очоод хэрэг шалгаж болохгүй. Эндээс мөрдөгчийн даалгавар бичиж, тэдний явсан байж болзошгүй орнууд руу нь илгээхийн тулд прокурор, орчуулга, ГХЯ-аар дамжуулж гадаад улсын прокурор, шүүхэд хүргүүлнэ. Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй ч бай, гэрээгүй ч гэсэн хууль сахиулах байгууллага нь манай мөрдөгчдийн хүсэлтийг хүлээн шийдвэр гаргаад шалгалт хийж хариу илгээнэ гэсээр байтал хугацаа алдана. Өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцож буй билээ. Мөрдөгчийн даалгаврыг нь биелүүлж ирэх гэсээр байтал уг хугацаа дуусаж, хүнд гэмт хэрэгт холбогдсон харийнхныг ялаас чөлөөлөн хилээр баяртай нь аргагүй үдээд явуулчихаж магадгүй байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа