Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын даргаар ажиллаж байгаад хүсэлтээрээ чөлөөлөгдөж, өдгөө Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй
дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Түүнийг цэргийн тэтгэвэрт гарсан, өмнөх дарга дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн Ажиллагааны сургамж, судалгааны төвд ажиллуулж, сул цалин олгож байсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй аж.
Дэслэгч генерал Д.Даваа 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, түүнийг ажилд томилсон байдаг. Харин энэ оны хоёрдугаар сард ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилохоор болж, УИХ-ын чуулганд нэрийг нь оруулахад хэлэлцэх асуудлыг хойшлуулж байсан билээ. Тэр үед буюу энэ оны хоёрдугаар сарын 14-нд ЗХЖШ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, хошууч генерал Р.Сүхбат тушаал гарган Ц.Бямбажавыг чөлөөлсөн бөгөөд энэ хүртэлх хугацаанд нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн цалин сул авч байсан гэх гомдол АТГ-т ирсэн аж. Үүний дагуу ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг дуудан тайлбар мэдүүлэг авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлтэй гэж прокурор үзээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр нарийвчлан шалгуулж байгаа гэнэ.
Мөн дэслэгч генерал Д.Даваа тушаал гаргаж, гадаадад цэргийн сургуульд явсан нэгэн эрхмийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид энгийн орон тоонд томилон 30 гаруй сая төгрөгийн цалин олгож, улсын төсөвт нийтдээ 50 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж буй аж.
Бэлтгэсэн: Д.Дайчин