Хөгжлийн банкнаас хөрөнгийг нь гаргасан тендерийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт Эрчим хүчний яамны сайд байсан М.Сономпилийг буруутгасан билээ. Түүнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2, өдгөө мөрдөж буй мөн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийг тус шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, НПГ-ын хяналтын прокурор Н.Нямдорж, хохирогч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр 11.00 цагт хэлэлцэж эхэлсэн юм.
М.Сономпилийг сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулахад нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийнхөө байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй. Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулж, өмнөд хөршийн “Чайна машинери инженеринг корпорац” компанийнханд давуу байдал олгож, “Амгалан” дулааны станцыг барих тендерт ялуулан, гэрээ байгуулах явцдаа 60 сая ам.долларын үнийн дүнг 75.9 сая болгон нэмж, тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн хэрэгт ял сонсгон гэм буруутай, эсэхийг нь хэлэлцсэн юм. Шүүх хурал өчигдөр 17.00 цагт түр завсарлан эргэж орсон бөгөөд 21.00 цагийн үед шийдвэрээ танилцуулаа. Шүүхээс түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял шийтгэсэн байна.
Ингэхдээ хахууль авсан үйлдэлд нь дээрх хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Хотгор зам” компанийн эрх бүхий албан тушаалтан Х-гээс авсан 264 сая төгрөгийг нь улсын орлогод хураахаар болсон байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа