Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10.00 цагт хэлэлцэж эхэлсэн ч шүүгдэгч нарын өмгөөлөгч 17 хүн элдэв арга саам хэрэглэсээр хурлыг хойшлууллаа.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт шийтгүүлэн ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн. Ял шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн газар нь ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих байр учраас тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Хурал эхлэхээс өмнө шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч 17 хүн дээрх шүүхийн байранд өөрсдийн унаагаар ирцгээснээс гадна хохирогчоор тогтоогдсон, талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт ирсэн. Харин хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих ангийн эмнэлгээс цагдаа нар хуяглан тус шүүхэд хүргэсэн байлаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн нэг Г.Батбаяр ирээд хэвлэлийнхэнд “Би хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай хуралд оролцоно. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд байгаа хүн нь ялтан Ц.Амгаланбаатар шүү дээ. Эрүүгийн хуульд зааснаар хэрэв зодож хэрэг хүлээлгэсэн бол сахилгын шийтгэл ногдуулах заалттай. Гэтэл эрүүдэн шүүсэн Амгаланбаатар, Итгэлтөгс нар хариуцлага хүлээхгүй, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар буруудаад явж байна” хэмээсэн. Харин шүүхийн байрны гадаа жагссан хүмүүс түүнийг “Манангийн өмгөөлөгч Батбаяр чамайг даа” гэх мэтээр элдэв үгээр загнаж байлаа.
Хурал эхлэхийн өмнө олны анхаарал татсан энэ шүүх хурлыг сурвалжлахаар ШЕЗ-өөс баталсан журмын дагуу хүсэлтээ өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагынхныг танхимд нэвтрүүлэх, эсэхийг хэлэлцээд хурал хийж буй танхимын багтаамжаас шалтгаалан зөвхөн гэрэл зургийн сурвалжлагч, зураглаачдыг оруулахаар шийдвэрлэсэн. Үүнээс өмнө шүүхийн байрны гадна “Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” төрийн бус байгууллагынхан ирж, уриа лоозон барин, үг хэлцгээсэн. Улмаар өөрсдийнхөө аваачсан зураглаачийг оруулна хэмээн шүүхийн ажилтан, хэв журам сахиулж буй цагдаагийн алба хаагч, эцэстээ хэвлэл мэдээллийн байгууллагынхан руу үгээр дайрч байв.
Ингээд шүүх хурал эхэлж, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцсэн. Дээрх есөн шүүгдэгчийн 17 өмгөөлөгч уг хуралд гэрчээр Ц.Амгаланбаатарыг оролцуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, Цагдан хорих 461 дүгээр ангиас уг ялтныг авчрах хүртэл буюу 14.00 цаг болтол хурал завсарласан юм.
Ингэснээр шүүгдэгч, хошууч генерал Б.Хурц шүүхийн байрнаас гарч ирсэн бөгөөд дээрх төрийн бус байгууллагынхан түүн рүү элдвээр хашхичиж байсан. Харин Б.Хурц хэвлэлийнхэнд “Би хэн нэгэнд ямар нэг тушаал өгөөгүй. Шүүх хурал явагдаж байгаа учир мэдээлэл өгөхгүй” гээд машиндаа суув. Харин Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “Олон жил ужгирсан зүйлийг та бүхэн шинэ соргогоор хүлээн авч байгаад би гайхаад байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдсэн хэрэг олон баримтаар нотлогдсон” хэмээлээ.
Энэ хооронд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, эхнэр Г.Энхбаяр, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нар ирсэн байв. Л.Жавзмаа гуай “Өнөөдрийн хурал үнэн мөнийг нь олно гэж их итгэж байна. Хүүтэйгээ өнгөрсөн долоо хоногт уулзахад “Үнэн, мөн нь олдох байх” гэсэн итгэлтэй байна лээ” гэсэн бол эхнэр нь “Хүүхдүүд минь “Аавыг аваад ирнэ биз дээ” гээд уйлаад үлдсэн. Тагнуулынхан нөхрийг минь харлуулах гэж гэртээ агсам тавьж буй бичлэгийг гаргасан” хэмээсэн. Т.Чимгээгийн ах ч бас долоо хоногийн өмнө уулзсанаа, үнэн, мөн нь олдоно гэсэн итгэлтэй байгаагаа хэлсэн юм.
14.30 цагт Ц.Амгаланбаатарыг Төв аймгийн шүүхэд хуяглан хүргэж, хурлын танхимд оруулсан бөгөөд одоо хурал үргэлжлэх нь үү гэтэл нөгөө 17 өмгөөлөгч нар дахин хүсэлт гаргаж, улмаар хэргийг дэнслэхээр болсон шүүгч Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нараас татгалзлаа.
Өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүгч нар үзээд, хурлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлэхээр ирэх сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.
Бэлтгэсэн: Г.Равжаа