ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийнхэн мансууруулах бодис хэрэглэсэн, тээвэрлэж явсан залуусыг илрүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг дахь Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч байсан суудлын автомашиныг шалгахад мансууруулах төрлийнх байж болзошгүй гурван кг орчим өвс авч явжээ. Налайх дүүргийн харьяат, 22-23 настай хоёр залууг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж, шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэнэ. Үүнээс гадна энэ сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутагт байрлах шөнийн цэнгээний газрын дэргэд 20-29 настай гурван хүн мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэж байсныг таслан зогсоож, саатуулжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа