-Мансуурсан этгээдүүдийг илрүүлжээ-
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны долдугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгажээ. Уг шалгалтын явцад 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг илрүүлэн тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулахад Налайх дүүргийн харъяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нар байжээ. Тэднийг тестээр шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.
20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой;
3.2.улсын хилээр нэвтрүүлж;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.