“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааг шалгахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан тоот өгсөн ч үл тоож, хэдэн сар хүлээлгэсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. МХЕГ-ынхан саяхан дээрх байгууллагад арай гэж нэвтэрч, шалгалт хийжээ. Тус байгууллагынхан хөдөлмөр хамгааллын дүрмээ мөрдөөгүйгээс эхлээд цөөнгүй зөрчил шалгалтаар илэрсэн байна. Тухайлбал, жирэмсний амралтаа авсан 100 гаруй эмэгтэйг ажилд нь буцааж авалгүй “Долоо хоног, нэг сарын дараа ир” гэхчлэн залхтал нь явуулжээ. Гэхдээ тэдний оронд өөр хүмүүс гэрээгээр ажиллуулахдаа үндсэн ажилтан биш гэх нэрийдлээр ээлжийн амралт өгөөгүйг эх сурвалж дуулгасан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаггүй мөртлөө хуульд заасан нөхөн төлбөрийг нь өгдөггүй хэмээв.
Үүнээс гадна санхүүтэй холбоотой олон гомдол гаргасан аж. Тодруулбал, ерөнхий нягтлан бодогч болон газрын дарга нар ураг төрлийн холбоотой гэх мэдээлэл төмөр замын салбарт ажиллагсдаас ирсэн гэнэ. Тийм атал УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа санхүүгээ хянуулахаас татгалзаж “Оросын талтай хамтарсан шалгалт л хийлгэнэ” хэмээн гэдийсэн юм байх. Мөн МХЕГ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын ахлах байцаагч нарын хийсэн шалгалтын үр дүнг үл хүлээн зөвшөөрч актад гарын үсэг зурахгүй байгаа аж.