Иргэн Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудастаа “Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Наадмын өдрүүдэд хүн лифтэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт хохирогчийн талаас гомдолтой байгаагаа цахим хуудсандаа бичсэн. Хохирогчийн гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?
-ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжын дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж дүнг танилцуулах үүрэг өгч хэрэв цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан байвал буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм. Албаны шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно.