Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-14-д улсын хэмжээнд цагдаагийн байгууллагынхан нийт 963 дуудлага бүртгэснээс 589 нь зам, тээврийн осолтой холбоотой байв. Бүртгэсэн осол, хэргийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 27.5 хувиар өсжээ. Ослын улмаас 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн байна. Амиа алдсан хүмүүсийн 10 нь орон нутгийн замд, гэмтсэн хүний 62.5 хувь буюу 30 нь нийслэлийн замд осолджээ.
Ослын улмаас хүүхэд гэмтсэн тохиолдол өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өссөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31.1 хувиар буурсан байна. Ослын 85 гаруй хувь нь хурд хэтрүүлснээс үүссэн аж. Мөн бага насны хүүхдийг буруу тээвэрлэсэн, хэт ядарсан болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам, тээврийн осол гарч байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Ослын улмаас амиа алдсан иргэний найм нь автомашинтай онхолдсон бол дөрөв нь явган зорчигч байжээ. Харин гэмтсэн хүний 28 нь автомашинтай, 20 нь явган зорчигч байжээ.
Мөн наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагад 13 118 хүн хандсанаас 3172 иргэн хэвтэн эмчлүүлжээ. Түүнчлэн нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн 4572 хүнд үйлчилсэн бөгөөд 99 иргэн хэт халуунаас болж өвчилсөн байна.
Бэлтгэсэн: Г.Жавхлан