Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох хэрэгтэй Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар танилцаж эхэлсэн талаар бид өнгөрсөн сарын 26-ны дугаартаа мэдээлсэн. Тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон өчигдөр хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт шийтгүүлэн ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, дээрх хоёр хүнийг өөр долоон хүний хамт МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм.
Уг хэрэгт гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцож байгаа бол ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор тогтоогджээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг 2002 онд баталж 2017 он хүртэл мөрдсөн Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Өчигдөр 09.00 цагаас эхэлж хуралдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 18.00 цагийн үед дуусаж, тэдгээр есөн хүний гэм бурууг долдугаар сарын 23-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо.
2002 оны Эрүүгийн хуульд таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцож байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байхаар хуульчилсан. Шүүх энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэх гэсээр байтал 2020 он гарч, хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болгох магадлалтай байгаа билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа