Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2019 оны долдугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ гарц ХХК”-ний орон сууцны барилгын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах үед портер маркийн автомашины жолооч хамгаалалтын ажилтныг мөргөж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Үүний дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагааг явуулахад “Шинэ гарц ХХК”-ний орон сууцны барилгын суурийн цутгалт хийгдэж эхлэх үед тухайн байгууллагад гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа “Дайчин чоно” харуул хамгаалалтын албаны хамгаалагч нар болон оршин суугчдын хооронд маргаан үүссэний улмаас Kia Пронтер авто машины жолооч Ё нь зуурмаг зөөж байсан том оврын автомашины замыг хааж зогсох гэж байгаад хамгаалагч Б, Б нарыг автомашинаараа мөргөсөн хэрэг үйлджээ.
Дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Хэрэгт холбогдох гэрч, хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авч, мөн автомашинд мөргүүлсэн хамгаалагч Б, Б нарын биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн ба одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Мөн хамгаалалтын ажилтныг мөргөж гэмтээсэн гэх автомашиныг Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.