УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” хэмээх Н.Батбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ынхан дахин шалгаж, шүүхээс даалгасан ажиллагааг хийж дуусгажээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр ирүүлсэн хэмээн НПГ-ын эх сурвалж мэдээлэв. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, ЗТЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг өмнө нь яллагдагчаар тооцон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан бөгөөд тус шүүх өнгөрсөн хоёрдугаар сард урьдчилан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ урвуулан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Завхан аймгийн нутаг, Халзанбүргэдтэй, Солонготын даваа чиглэлд тавих авто замын төсвийг хэлэлцүүлэх явцад Б.Гарамгайбаатарын хувь эзэмшдэг байсан “Монроуд” ХХК-д хууль бусаар давуу байдал олгон, улсын төсөвт хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж буй юм.
Г.ОРЧЛОН