Монголын дипломат ажилтнууд их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж байгаад саатуулагдсан талаар ТЕГ-аас мэдээлэл хийлээ. ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ "2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Нэг ёсондоо үйлдэл дээрээ баригдсан.
2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл сигналуудыг авч эхэлсэн. Үүний дагуу ГХЯ, ТЕГ хамтран хэд хэдэн чиглэлээр шалгах ажлуудыг хийж байгаа. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байсан. Харин энэ үеэр тавдугаар сард энэ хэрэг гарсан.
Ер нь Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Иймд уг хэрэг Германы хууль тогтоомжийн дагуу шийдэгдэнэ. Ийм нөхцөл байдлууд цөөнгүй бий. Нарийвчлан судлаад үзэхээр дипломат дугаартай автомашин нь хувь хүний эзэмшлийнх байсан. Өөрөөр хэлбэл, дипломатууд тухайн орондоо хүсэлт гаргаад хувийн автомашиндаа дипломат дугаар авч болдог. Ийм машиныг хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа.
Үүнийг цааш нь судалж, тодруулах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг хаанаас олж авсан бэ, хэн нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа.
Б.Баттүшиг нь өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа, дипломат албаны шаардлага хангасан ГХЯ-наас томилогдсон дипломат ажилтан.
Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал мөн. Гол нь Тагнуулын байгууллагын зүгээс манай орны иргэд зохион байгуулалттай гэмт хэрэгт ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа" гэв.