ЭМЯ-ны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан тавдугаар сарын дундуур цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэрэгт холбогдсон Н.Чимэдлхамыг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар баттай эх сурвалжуудаас лавлахад “Тус яамны албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэрэгт Ү.Отгонбаатар, Н.Чимэдлхам нарыг өнгөрсөн сарын 15-нд АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар Н.Чимэдлхамыг яллагдагчаар тооцон, тавдугаар сарын 23-наас 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байгаа. Харин яллагчдагчаар татагдсан Ү.Отгонбаатарт хилээр гарахыг нь хориглосон, хязгаарлалт тогтоохоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн” гэлээ.
Харин нөгөө нэг холбогдогч Б.Болорчимэгийг нь хэрхсэн талаар албаны эх сурвалжууд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан юм. Шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай хоригдсон Н.Чимэдлхамыг цахим мэдээллийн хэрэгслээр, “Гавьяат хуульч, шүүгчийн охин” хэмээн бичиж буй бөгөөд үүнээс нь шалтгаалж цагдан хориулах гэсэн мөрдөгчдийн саналыг шүүх шийдвэрлэлгүй удаж байсан гэх хардлага байгаа юм. Уг хэрэгт холбогдон, Н.Чимэдлхамтай хамт саатуулагдсан ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэгийг сайд Д.Сарангэрэл туслахаараа ажиллуулж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргынх нь тушаалаар дэвшүүлсэн гэдгийг АТГ-ынхан өнгөрсөн зун тогтоосон.
Бэлтгэсэн: Г.Равжаа