Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Сургалтын нэгдсэн төвөөс байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэргийн мөрөөр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн орж шалгалтын ажиллагаа хийсний дүнд бүлэг этгээдийг илрүүлэн, нэг бус хүнийг цагдан хорьж шалгаж эхэллээ. Өндөр харуул хамгаалалттай цэргийн ангийн агуулахаас гаднын хүн ороод хулгай хийх ямар ч боломжгүй. Харин энэ их хэмжээний сум алдагдсан хэрэгт тус ангийн нярав ажилтай нэг офицер, тус ангийн нэг жолоочийн хамт холбогдоод буй аж. Тэрбээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид есөн жил нярваар ажиллах хугацаандаа их хэмжээний сум гаргаж борлуулж байснаа хүлээсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Харин дээрх ангийн жолооч сумыг нь зөөж, худалдааны төвүүд дэх сумны ченжүүдэд хүргэж өгдөг байсан гэх хэрэгт холбогдоод байгаа гэнэ.
Анхны мэдээллээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас 16 000 гаруй сум алдагдсан хэмээж байсан ч шалгалтын явцад энэ нь эрс өсөж буй сурагтай. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дээрх хэргийн мөрөөр шалгах явцдаа байлдааны зориулалттай их хэмжээний сум хууль бусаар улсын хилээр оруулж ирэн зарж борлуулдаг байсныг ч тогтоосон гэнэ. Хэргийн холбогдогч нар 50 000 орчим сум хууль бусаар олж аван “Нарантуул”, “Хархорин” зах болон бусад газарт нууцаар борлуулдаг юм байна. Тэднээс АКМ, винтов, “ТОЗ-8” буунд зориулсан 50 000 орчим сумыг нь хураан, уржигдар дөрвөн хүнийг нь хойшлуулшгүйгээр цагдан хорьсон бол, 5-6 хүнийг батлан даалтад байцааж буй аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа