Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг дахин 15 хоног хорих захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргалаа. Түүнийг цагдан хорих хугацааг сунгуулах санал НПГ-аас тус шүүхэд хүргүүлснийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10-2-т заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэснийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 23-нд МБА-ны мөрдөгч нар хойшлуулшгүйгээр саатуулж, улмаар 25-нд нь яллагдагчаар тооцон 15 хоног цагдан хорихоор болсон билээ. Түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль, журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх үндэслэлээр ял шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа