Авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой, улам нууц далд болж, өндөр түвшний авлига нарийн арга хэлбэрт шилжиж байгаа талаар хууль хяналтын байгууллагынхан хэлдэг. Өдгөө ямар ч хүн дансаараа хахуулийн мөнгөө аваад суухгүй, нарийн аргаар авлига авч, өгч байгааг хүн бүр мэддэг болсон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой дуулианы зарим нь Засгийн газрын эсрэг санал өгөхгүй байхын төлөөсөнд өгсөн өндөр түвшний авлига гэдгийг учир мэдэх олон хүн хэлдэг. Өндөр түвшний авлигын нэг хэлбэр болсон ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой дуулиан Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг шүүхэд шилжүүлж, тойргийнхондоо дэмжлэг хүссэн гэх нэр бүхий хэд хэдэн гишүүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор өдгөө намжаад байна. Магадгүй дээрх сангаас зээл авсан, шалгаж дуусаагүй нэр бүхий гишүүнтэй холбоотой хэргийг хэрхэхээс АТГ-ын шинэ дарга нарын цаашдын нэр хүнд шалтгаалах биз ээ.
Тус сангаас зээл авахаар хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 10-20 сая төгрөгийн төслийг шалгаруулдаггүй атлаа УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад олгосон гэх дуулиант хэргийн шалгалт үргэлжилсээр байгаа. Гэвч АТГ-ын шинэ дарга нарын томилгоотой холбоотойгоор ойрын хэд хоног түр зогссон байх. Уг нь эрх баригчид сонгуульд ялаад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх томоохон ажлууд хийж, хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан ч бүрэн эрхийнх нь хугацаа жилийн дараа дуусахад хийсэн ажилгүй байх нь тодорхой болсон. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд байхдаа Б.Батзориг дээрх сантай холбоотой дуулиан дэгдэх үед “Хэн хүссэнийх нь авдаг зээл биш, шалгуур өндөртэй” гэж байсан ч ачир дээрээ улстөрчдийн л дэмжлэгтэй аж ахуйн нэгжүүд зээл авсан нь АТГ-ынхан шалгалтаараа ил болгосон. Өндөр түвшний авлигын энэ хэрэгт холбогдуулан, нотлох баримтад тулгуурлан сайд асан Б.Батзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг, тус сангийн нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан тэргүүтэй хүмүүсийг АТГ-ынхан шалгаж, заримыг нь яллагдагчаар татсан билээ. Мөн дээр нэр дурсан УИХ-ын гурван гишүүний хэргийг тусгаарлан, мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлээд байгааг бид цаг тухайд нь мэдээлсэн.
ЖДҮХС-гийн гэх хэрэгт 60 орчим албан тушаалтан, тэр дундаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон байж болзошгүй гэсэн шалгалтын дүн урьдчилсан байдлаар гарснаас УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан талаараа АТГ-ынхан мэдээлсэн. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Бусад албан тушаалтныг шалгаж байна. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон тохиолдолд саналаа гаргаж, дараагийн шатны байгууллагад хүргүүлнэ. Гэхдээ дээр дурдсан 60 албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш. Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гээд үйлдвэрлэгчтэйгээ хамтран ажиллаж байсан хүмүүс бий. Зарим нь орон нутгаас ирсэн хүсэлтийг уламжилсан байна” гэж сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээлж байсан юм. Тэгвэл АТГ-ынхан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлснийг тус газрын Мөрдөн байцаах албаны дарга Ц.Энхбаяр мэдээлсэн.
Тэгвэл өдгөө тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ажлын хэсэгт УИХ-ын найман гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх, Сангийн дэд сайд зэрэг албан тушаалтантай холбоотой үйлдлүүдийг шалгаж байгааг эх сурвалжууд мэдээлэв.
ЖДҮХС-гийн хөрөнгөтэй холбоотой хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хамаарал бүхий болон дэмжлэг үзүүлсэн өмнөх аж ахуйн нэгжүүдээс гадна шинээр “Капитал фактори”, “Эм Эм Жи Капитал”, “Баяр плант хааб” гэх компаниудын дээрх сангаас авсан 1-1.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хуулийн дагуу авсан, эсэхийг нарийвчлан шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал гаргахаар төлөвлөсөн сурагтай. Түүн дээр нэмээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан эхнэрийнхээ найз Ш.Саранчимэгийн “Хүнс сервис” компанид 500 сая төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлсэн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хамаарал бүхий “Өгөөдэй Ази” компанидаа нэг тэрбум, Х.Болорчулуун “Дорнод гурил”-даа, М.Оюунчимэг “Бест авто тюнинг”-д 500 сая, Б.Саранчимэг “Сингапурхэльткэйр сентр”-т 800 сая, Н.Оюундарь “Рэд стар клаб”-таа мөн хэмжээний, Ж.Энхбаяр “Газар буудай”-даа, Н.Учрал “Хүннү” ХХК-даа тус бүр 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргахаар бэлтгэж байж. Тэдэн дээр нэмээд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын дэмжсэн МҮКҮ, иргэн Б.Мөнхтулгын “Өв сор хангай” компани ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх санал гаргахаар төлөвлөсөн гэнэ.
Үүн дээр нэмээд ТЕГ-ын ажилтан Б.Алтаншагай 2018 оны тавдугаар сарын 14-нд “Мон тэ ар жин” компанид 500 сая, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Монвурст” ХХК-д 800 сая төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх болсон ч гэмт хэрэг биш гэж үзээд хаасан гэх мэдээлэл байна. Дээр нэр дурдсан гишүүд, өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэсэнд прокурор, мөрдөх байгууллагынхан л хариулт өгөх биз.
ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчид, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг АТГ-ын ажлын хэсгийнхэн шалгаад зогсохгүй Гаалийн ерөнхий газартай хамтран шалгалт хийж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нэрийн доор томоохон аж ахуйн нэгжүүдийг гаалийн албан татвараас чөлөөлснийг тогтоосон юм. Жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамаарахгүй, банк, үндэсний гэх үйлдвэрлэгч компаниудын импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлсэн нь тогтоогдоод байгаа. Гэвч эдгээр хэргийг хууль сахиулах, хяналт тавих байгууллагынхан хэрхэн шийдвэрлэж буй нь тодорхойгүй, дарагдах вий гэх хүн олон байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа