ЦЕГ-аас хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар болон оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан НЦГ, НМХГ, НБГ, МОХ хамтран зохион байгуулж буй "ЭРДМИЙН БАЯР" арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон гэх судалгаа байна. Иймээс хүүхдээс үйлдэж байгаа, хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа учир цагдаагийн байгууллагаас хамтран урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулах шаардлагатай тулгарлаа. Хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, хулгайлах, дээрэмдэх, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. Тэгэхээр бид 2018 онд шат дараалсан арга хэмжээнүүдийг авсны дүнд тодорхой хэмжээгээр буурч байсан. Иймд Цаглаагийн ерөнхий газраас санаачлан төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран “Зөв тусгал” арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулж байна. Үүний хүрээнд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, эерэг хүмүүжлийн аргыг хэрэгжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалах юм.
Түүнчлэн ЦЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХНХЯ, ХЗЯ-тай хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг 2018 онд эхлүүлж, туршилтаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн. Энэ үеэр эерэг үзүүлэлт гарсан учир энэ жил улс орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн” гэлээ.