Монгол Улсын Хөгжлийн банкныхан өнгөрсөн бямба гарагт “Зангиагүй уулзалт” зохион байгуулж, хэвлэлийнхэнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. БНХАУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн айлчлалын хүрээнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр өмнөд хөршийн Экспорт болон зээлийн даатгалын байгууллагатай 400 сая ам.доллар хүртэлх “Урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ” байгуулаад иржээ. Уг гэрээг байгуулснаар Хөгжлийн банк 400 сая ам.доллар хүртэлх зээлээ тус байгууллагаар даатгалуулах эрхтэй болж байгаа аж. Гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Олон удаагийн уулзалт, яриа хэлэлцээрийн дүнд урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо” хэмээн тодотгосон юм. Байгуулагдаад найман жил үйл ажиллагаа явуулж буй тус банкны хамгийн сүүлд амжуулсан томоохон ажил энэ. Даатгал бол эрсдэлээс хамгаалах санхүүгийн бүтээгдэхүүн. Тэгэхээр Хөгжлийн банкны зээлийн эрсдэл нэлээд буурах нь гэж ойлгох хэрэгтэй.
Хөгжлийн банкны хөгжлийн үе шатыг 2017 оноос өмнө буюу хойш гэж хоёр хувааж үзэх болсон. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулж, баталснаар үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэн, хараат бус байдлыг нэмэгдүүлж, зээл олгох механизмыг нь боловсронгуй болгосон билээ. Хөгжлийн банк 2015 онд 6.07 их наяд төгрөгийн активтай байлаа. Тэгвэл улсын төсвийн хөрөнгөөр эргэн төлөх зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлсэн. Ингэснээр 4.84 их наяд төгрөгийн активтай болсон юм. Улмаар 2017 онд 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийсэн. Ингэснээр 3.74 их наяд төгрөгийн активтай болов. Харин 500 сая ам.долларын бонд гаргаснаар өнгөрсөн жилийн байдлаар актив нь 4.26 их наяд төгрөгт хүрчээ.
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах үед Засгийн газраас өөрийн хөрөнгийг нь нэг их наяд хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан удаатай. Одоо тус банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 1.08 их наяд төгрөгт хүрээд байна. Активаас нь өөрийн хөрөнгийг нь хасахаар татан төвлөрүүлсэн мөнгө буюу пассив нь гарна. Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийн байдлаар 3.18 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, буцааж төлөх ёстой мөнгө нь гэсэн үг. Татан төвлөрүүлсөн хөрөнгөө дунджаар гурван жилийн дараагаас эргүүлэн төлж эхлэх гэнэ. Тэгэхээр Хөгжлийн банк ойрын хугацаанд санхүүгийн дарамтгүй ажиллах юм байна.
Тэднийх өнгөрсөн оны байдлаар 2.8 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Нийт активынхаа 60 орчим хувиар санхүүжилт хийсэн гэсэн үг. Хөгжлийн банкинд 2017 онд нэг их наяд гаруй, өнгөрсөн жил 827.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Үлдсэн буюу чөлөөт хөрөнгөө арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа аж. Тэднийх аль өндөр хүү амласанд нь хөрөнгөө байршуулах бодлого баримталж буй гэнэ. Ингэснээр Монголбанкны бодлогын хүүгээс 2-3 хувиар өндөр хүүтэй байршуулж, өгөөжийг нь хүртэж буй гэсэн. Тус банк есөн компанид 100 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй зээл олгожээ. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийнх нь 58.2 хувийг нь эзэлж буй юм. Тухайлбал, Төрийн орон сууцны корпорац 257.5, Худалдаа хөгжлийн банк 168.5, “МАК цемент” 166.3 тэрбум төгрөг зээлжээ (инфографикаас харна уу).
Хөгжлийн банк бол арилжааны банктай андуурч болохгүй тусгай бүтэц. Хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татахыг хориглосон. Товчхондоо, энэ банк гадаадаас санхүүгийн хямд эх үүсвэр татаж, улс орны хөгжлийг дэмжих, төсөл, хөтөлбөрүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Монголын арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжгүй төслүүдэд тусгай шалгуурын дагуу зээл олгодог гэсэн үг. Нийт санхүүжилтийнх нь 60 хувь нь экспортыг дэмжсэн төслийн зээл байна гэж хуульчилсан. Үүнээс гадна төсөлд эдийн засгийн үр ашигтай, судалгаа тооцоог нь бүрэн хийсэн гэх мэт үндсэн шалгуур тавих нь мэдээж. Олгосон зээлийнх нь дундаж хүү 7-8 орчим хувьд хэлбэлзэж байгаагаас хөгжлийн санхүүжилтийн байгууллага гэдгийг нь харж болно.
“Зангиагүй уулзалт”-ын үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Хөгжлийн банк ашигтай ажиллах, чанаргүй зээлийг нэг оронтой тоонд байлгах үүрэгтэй” гэж онцолсон. Ашигтай ажиллах гэсэн шаардлагаа хангаж байгаа аж. Тус банк өнгөрсөн жил 18, 2017 онд 61 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин 2016 онд 192 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Тухайн жилд банк ханшийн тэгшитгэлийн алдагдлаа удирдаагүй, мөн зээлийн эрсдэлийн сан нь нэмэгдсэн учраас өндөр хэмжээний алдагдалтай ажилласан гэж Хөгжлийн банкныхан тайлбарлаж байна. Тэднийх өнгөрсөн онд гэхэд ханшийн зөрүүнээс 21 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Тус банк 2014 онд 134 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан удаатай. Өнгөрсөн жилийн ашиг нь өмнөхөөс яагаад буурсан юм бол гэж гайхаж магадгүй. Хөгжлийн банк өнгөрсөн жил угтаа 68 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Гэвч “Капитал” банкийг татан буулгаснаар дамжуулан зээлсэн хөрөнгө нь эрсдэлд орсон байна. Иймээс зээлийн эрсдэлийн сангаа 40 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн аж. Ингээд ашиг нь буурсан хэрэг.
Тэднийд “Капитал”-аас гадна толгойн өвчин болсон дөрвөн муу зээлдэгч бий. Төрийн орон сууцны корпорац, “Хөтөлийн цемент шохой”, “Кью Эс Си”, “Эрэл” компанийн авсан санхүүжилт муу зээлийн ангилалд багтаад буй аж. Эдгээр компанийн муу ангилалд багтсан зээлийн үлдэгдэл 731.1 тэрбум төгрөгтэй дүйж буй юм. “Капитал” банкаар дамжуулан олгосон 92 зээлийнх нь эх үүсвэр эргэн төлөгдөх нь тодорхойгүй болсноор тэдний чанаргүй зээлийн хэмжээ нийт активынхаа 10.4 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг нэг оронтой тоонд байлгах үүрэг хэрэгжихээ больсон байна. Уг нь Хөгжлийн банкны чанаргүй зээл 8.2 хувь байсан бол Капитал банкийг татан буулгаснаар ийн хоёр оронтой тоог давав. Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эргүүлэн авахдаа Худалдаа, хөгжлийн банк болон холбоотой компаниудынх нь төрөөс авсан зээлийг суутган тооцох замаар төлбөрийг нь хийх бодлоготой байгаа. Суутган тооцвол “Хөтөлийн цемент шохой”, “Кью Эс Си” компанийн зээл хасагдана. Муу зээл Хөгжлийн банкийг “чангааж” эхэлсэн нь энэ. Зээлийн эрсдэлийн сандаа одоогоор тэднийх 265.7 тэрбум төгрөг хуримтлуулаад байгаа аж. Засгийн газрын бодлого хэрэгжсэний дараа Хөгжлийн банкны баланс арай өөр “төрхтэй” болох болов уу.
Хөгжлийн банканд 2017 оны есдүгээр сараас хойш 298 зээлийн хүсэлт иржээ. Үүнээс Хөгжлийн банкны тухай хууль болон зээлийн бодлогод заасан шалгуур хангаагүй 237 төслийг буцаасан байна. Түүнчлэн 31 төсөлд санхүүжилт олгохоор болсон бол 30-ыг нь судалж байгаа гэнэ. Тэднийх 10 хөтөлбөрийн хүрээнд 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Үүнээс зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлсэн байна.
Хөгжлийн банк цаашид зөрчил үүссэн зээлүүдийг зээлдэгч болон Засгийн газартай хамтран шат дараалсан арга хэмжээ авч ажиллах, эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах, олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтарсан санхүүжилт хийх гэнэ. Мөн эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор энэ салбарын төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгохоор төлөвлөснөө Хөгжлийн банкныхан дуулгалаа.