Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол тэргүүтэй хүмүүсийг шонхор шувуу хилээр гаргах зөвшөөрөл олгож, төлбөрийг нь дутуу авч байсан хэмээн хууль сахиулах байгууллагынхан шалгасан юм. Үндэсний аудитын газраас төрийн бахархалт идлэг шонхор шувуу барьсан, гадаадад гаргах зөвшөөрөл олгохдоо авсан төлбөр, хураамжийн байдалд шалгалт хийж дүгнэлт гаргасан бөгөөд 2015-2016 оны тогтоолоо нууцад хамааруулснаар түүнд нь шалгалт хийх боломж олгоогүй талаар аудитын тайландаа онцолсон байдаг. Тэгвэл иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу сайд асан болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, одоогийн дарга Г.Нямдаваа нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм байна. Тэднийг хууль тогтоомж зөрчин нэг шонхроос 29 423 520 төгрөгийн төлбөр хураамж авах ёстой ч 7 040 000-ыг хурааж улсыг их хэмжээгээр хохироосон хэмээн иргэд гомдол гаргасан юм байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг гомдлыг нягтлаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа НПГ-т хүргүүлэхээр болсон гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа