Өнгөрсөн баасан гарагт Зуун айл орчимд буун дуу гарч хижээл насны нэг хүн нас барлаа. Цагдаагийн байгууллагаас хохирогчийг амиа егүүтгэсэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гаргав. Жилийн өмнөхөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга өөрийгөө буудсан эмгэнэлт хэрэг гарч, олныг сэртхийлгэсэн ч тэгсхийгээд мартагдсан. Амиа хорлохыг нүгэл хэмээн үздэг, жигшдэг монголчууд өөрийгөө егүүтгэх тохиолдол өсөж буйд энэ бүгдийг эргэн сануулахад хүргэв. Амиа хорлосон хүний сүнс төөрч, сайн төрлийг ололгүй зовж, шаналдаг хэмээн ахмадууд ярьдаг. Харамсалтай нь, “Өсвөр насны охин өндрөөс унаж амиа хорлов”, “Ажлаасаа халагдсан Б архи ууж, өөрийгөө буудав”, “Эхнэртэйгээ маргасан А ууланд очиж, хоолойгоо боомилов”, “Сүйт бүсгүйдээ хаягдаад өөрийгөө хутгаллаа” гэх зэрэг жихүүдэс хүрэм хэрэг өдөр алгасахгүй сонсогдох болов.
ЦЕГ-аас гаргасан тоо баримтаас үзэхэд амиа хорлох хэрэг жил дараалан өсжээ. Тодруулбал, энэ төрлийн хэрэг 2016 онд 278, 2017 онд 366, 2018 онд 450 бүртгэгдсэн байна. Үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн газар, аж ахуйн нэгж, байгууллага, гудамж талбай, хөдөө, хээр, ой мод, гол усны эрэг, өвөлжөө, хаваржаа зэрэг газарт амиа хорлох тохиолдол цөөнгүй байгааг дээрх судалгаанд дурджээ. Түүнчлэн балчир настнаас эхлээд дунд, бүр ахмад настнууд ч амиа хорлох болсныг уг судалгаагаараа нотолсон аж.
Цагдаагийн байгууллага амиа хорлосон хэмээн “хоосон” тоо хэлж, олон нийтийг цочирдуулахаас зайлсхийж, ийм байдалд хүргэсэн шалтгааныг тодруулдаг болсон. Манай улсад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, өрхийн гишүүн бүгд гар утсаа “маажин”, компьютер ширтэж, нэгнээ тоохоо больсныг сэтгэлзүйчид шүүмжилж буй. Эл хүйтэн хөндий харилцаа нь амиа егүүтгэх нэг шалтгаан болж байгааг хаана хаанаа анхаарах цаг болжээ. Өөрөөр хэлбэл, амиа хорлох үндсэн шалтгаан нь гэр бүлийн таарамжгүй харилцаа гэнэ. Амиа хорлогчдын олонх нь эрэгтэй. Тэд голдуу архи ууж, согтуурсан үедээ амьдралаас сайн дураараа хагацах шийдэлд хүрдэг гэх. Амиа хорлох нь гэнэтийн шийдвэр байдаг төдийгүй, эрүүл саруул бус үедээ гаргадаг үйлдэл. Аливаа асуудлыг шийдвэрлэх, элдэв өвчлөлийг даван туулах талаараа эрчүүд эмэгтэйчүүдээс дорой гэдгийг цагдаагийн байгууллагынхан болон сэтгэлзүйчид хэлсэн. Нөгөө талаар хэн нэгэнтэй маргах, ажлаас халагдах, нийгмийн стресс зэрэг нь амиа хорлоход хүргэж байгааг цагдаагийн алба хаагчид онцоллоо. Тиймээс хосууд, ялангуяа эрчүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх кампанит ажил зохион байгуулах шаардлагатай ч үүнд чиглэсэн төрийн бодлого үнэндээ алга.
2011 онд Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд 67 дугаарт ордог байжээ. Гэтэл хэдхэн жилийн дотор 64 байраар урагшилж, гуравдугаарт бичигдэх болсон нь эмгэнэлтэй. Францын философич Э.Дюркгейм 1887 онд тоо баримтад тулгуурлан амиа хорлоход хүргэх шалтгааныг тодорхойлсон. Эл тодорхойлолт одоо ч хуучраагүй гэж судлаачид үздэг юм билээ. Түүний юу гэж дүгнэснийг хамтдаа харъя. Нийгмийн хэм хэмжээ гажуудан, амьдралд нийцэхгүй хууль, дүрэм, журам олноор батлагдах нь хүнийг амиа егүүтгэхэд хүргэнэ гэж Э.Дюркгейм дүгнэжээ.
Мөн хувь хүн шийдвэр гаргах, сонголт хийх боломж, эрх чөлөө, бие даасан байдлаа алдан, хувийн сонирхол нь хамтын эрх ашигт захирагдсанаас болж амиа егүүтгэдэг аж. Эцэст нь, нийгмийн гэнэтийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, уналтын улмаас хүмүүс үхлийг сонгодог юм байна. Дэлхий нийт энэхүү сөрөг үзэгдлийг сэтгэлзүйч, сэтгэл засалчдын хүчээр давдаг. Харин манай улсад сэтгэл зүйн үйлчилгээ төдийлөн хөгжөөгүй. Үнэндээ сэтгэл зүйн үйлчилгээ өгдөг мэргэшсэн судлаач, байгууллага хуруу дарам. Бүр тодруулбал, цөөн тооны сэтгэл засалч эмч, “Focus on the family”, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, Сэтгэл судлалын үндэсний төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн зэрэг байгууллагаар энэ төрлийн үйлчилгээ хязгаарлагддаг.
Монголд сэтгэл зүйн үйлчилгээ авахад нэг цаг нь дунджаар 50-60 мянган төгрөг. Ариун цэврийн өрөө орох нь бүү хэл, өндийх, суудлаа ч засах эрхгүйгээр тухайн хүний зовлон шаналлыг сонсох, сэтгэл зүйд нь тохирсон онош тавьж, ярилцах нь тийм амар биш ажил гэдэг нь мэдээж. Гэхдээ монголчууд сэтгэлзүйчид хандахаасаа илүүтэй амиа хорлох замыг сонгох нь түгээмэл. Энэ нь нэг талаар Монголд сэтгэл зүйн үйлчилгээ байдгийг мэддэггүй, мэддэг цөөнх нь төлбөрийн чадваргүйтэй холбоотой аж. “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбат энэ талаар “Улсаас зайлшгүй анхаарч, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилтот бүлэг нь гэр бүл болжээ. Гадаадын зарим улсад эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээгээр дээрх асуудлыг зохицуулдаг.
Өөрөөр хэлбэл, Монголоос бусад оронд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь төрийн үйлчилгээнд хамаардаг” хэмээн ярив. Харин цагдаагийн байгууллагын ажилтан “Монголд амиа хорлох үзэгдэл ихэслээ. Гол шалтгаан нь гэр бүлийн таагүй харилцаа байдаг. Амиа хорлолтыг багасгахад сэтгэлзүйчдийн оролцоо чухал. Сэтгэлзүйчид төрөөс дэмжлэг харж суухаар өөрсдөө эхлээд үйлчилгээний хөлсөө буруулах ёстой. Цагийн төлбөр 50 000 бус, 5000 төгрөг байж болохгүй гэж үү. Аль болох олон хүнд хямд үйлчилгээ үзүүлж, тодорхой үр дүнд хүрчихээд дараа нь төрөөс дэмжлэг хүсэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Түүнчлэн гадаадын оронд иргэд нь алхам тутамдаа сэтгэл зүйн үйлчилгээ авдаг гэнэ. Гэр бүлээ цуцлуулах, ажлаас халагдах, тэр бүү хэл хоорондоо маргах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс үл ойлголцохоороо хамгийн түрүүнд сэтгэлзүйчийг зорьдог аж. Зөвлөгөө авах төлбөр хямд биш ч сарын цалингийнхаа тодорхой хувийг сэтгэл заслын үйлчилгээнд зарцуулж заншжээ. Харин манай улсад эсрэгээрээ байдаг. Сэтгэлзүйчид хандахаасаа илүүтэй нийгэм даяараа бухимдаж, юм бүхнийг шүүмжилж, багтраагаа гаргадаг. Зарим нь бүр зулын гол болно гэдгээ мэдэгддэг. Тэдгээрийн дотор алдар, цуутай олны танил хүн ч бий. Өөр шийдэл үгүй мэт аягладаг. Харин сэтгэлзүйчид дараах гаргалгааг хэлж буй. Энэ нь нийгэм даяараа бухимдалтай байгаа учраас эрүүл мэндийн даатгалын системд сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэл заслын үйлчилгээг хамруулдаг болгоё гэх санал юм. Үгүй бол монголчууд үй олноороо амиа хорлоод дуусах нь.
Монголын нийгэм тэр аяараа сэтгэл зүйн гүн хямралд автаж, иргэд нь олноороо амиа хорлож байна. Харин манай төр, засгийн эрхэд гарсан эрх баригчид нүдэн балай, чихэн дүлий байх уу. Дээр нь эрх баригчид, улстөрчдийн увайгүй үйлдэл иргэдийг бухимдлын ангал руу түлхэх болжээ.
Эзэнгүй мэт улсын иргэдийн эцсийн сонголт нь амиа хорлох болсоор байгаагийн хариуцлагыг хүнд нь тохоод өнгөрч боломгүй билээ.