Киану “Хурд” хэмээх киногоор алдарт гарсан. Өвөрмөц гадаад төрхтэй авьяаслаг залууг хараад бүгд л “Энэ залуугийн судсаар ямар ямар үндэстний цус гүйж байгаа” бол гэж хамгийн түрүүнд бодсон нь мэдээж. Түүний ээжийг Патрисия гэх бөгөөд англи эмэгтэй байсан бол аав нь хавай-хятадын эрлийз хүн ажээ. Шуугианы эзэд болсон бусад Холливудын одуудтай харьцуулахад Ривз амар тайван амьдралыг илүүд үздэг бололтой. Ялангуяа түүний төрсөн өдрөөрөө цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр ганцаараа суух зураг ийнхүү тодорхойлолтыг улам батлах шиг. Ер нь жүжигчин эрийн ихэнх зургууд “Гунигтай Киану” гэсэн тодотголтой. Киану энэ нэрэндээ огт эмзэглэдэггүй. Харин ч амьдралд заавал аз жаргалтай байх албагүй гэж тэрээр үздэг аж.
Киану 1964 онд Ливаны нийслэл Бейрут хотод төржээ. Бейрутын шөнийн цэнгээний газрын бүжигчин бүсгүй мотоцикл унаж давхисан хиппи залуу хоёр анхны хүүхдээ Киану хэмээн нэрлэжээ. Киану гэдэг нь Хавай хэлээр “уулын сэрүүн салхи” гэсэн утгатай гэнэ. Хоёр жилийн дараа тэд Ким хэмээх охинтой болжээ. Хэдий гэрлэж охин хүү хоёртой болсон авч Самюэль Ривз хиппи зангаа орхилгүй үргэлж хэрэг төвөгт холбогдож, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэдэг байсан гэдэг. 1996 онд Самюэль Ривзийг маш их хэмжээний мансууруулах бодис авч явж байхад нь илрүүлэн 10 жил хорих ялаар шийтгүүлсэн ч 4 жилийн дараа тэнсэн харгалзахтай суллагдсан аж. Энэ явдал Кианугийн сэтгэлийг төдийлөн их зовоогүй бололтой. “Энэ түүний амьдрал. Шоронгоос гараад түүний бүх зүйл сайн байгаа гэж би найдаж байна. Түүний тухай яриагаа ингээд цэглэе” хэмээн эцгийнх нь тухай асуусан сэтгүүлчдэд тэрбээр хариулсан байдаг. Арга ч үгүй биз. Киануг ердөө 7 настай бахад эцэг эх нь салсан агаад хүү ээжтэйгээ, эмэгтэй дүүтэйгээ Канад улсад өсч торнисон ажээ.
Монгол эрэгтэй хүүхэд болгон барилдаж тоглодог шиг Канад хүүхэд болгон хоккей тоглодог билээ. Киану ч мөн тэдний адил хоккей тоглож өссөн бөгөөд маш сайн хаалгагч байсан тул “Хана” гэсэн хоч авчээ. Харин тэрбээр сурлагадаа тун тааруухан сурагч байсан гэдэг. Ганцхан хичээлд дуртай бөгөөд бүхнээс илүү хийдэг нь уран зохиол байсан агаад нэн ялангуяа яруу найргийг ихээр сонирхдог байжээ. Хоккей тоглож байгаад гоё бөмбөг оруулсныхаа дараа Шекспирийн баатруудын монолог гацалгүй уншиж орхидог байсан гэж түүний багын найзууд ярьдаг. Кианугийн хоккейчин болох мөрөөдөл нь гэмтлийн улмаас замхарсан ч урлаг утга зохиолын сонирхлоо орхиогүй ажээ. Кианугийн ээж нь зургаан удаа гэрлэсэн бөгөөд зургаан нөхөр нь бүгд урлагийн хүмүүс байсан нь хүүгийн сонирхолд нөлөөлсөн нь мэдээж. Киану ахлах ангиа төгсөлгүй сургуулиа хаяжээ. Тэрбээр ажил хийхийнхээ хажуугаар жүжигчний уран чадварын курсэд суралцаж эхэлсэн байна. Тэрбээр анхныхаа дүрийг автталаа маш олон ажил сольсон гэдэг. Дэлгүүрт худалдагч,итали ресторанд тогооч, таксины жолооч гээд түүнд хийж үзээгүй ажил гэж бараг үгүй. Хэдий “Хурд” кино Киануг олонд таниулсан ч түүний уран бүтээлийг судлаачид “Матрикс” –с өмнө ба “Матриксаас” –с хойш гэж 2 үеэд хуваадаг. Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “Матрикс” киноны дараа түүний шүтэн бишрэгчид хэдэн зуун дахин магадгүй хэдэн мянга дахин өссөн ч тухайн киноноос өмнө бүтээж байсан дүрүүд нь түүний жүжигчний авьяасыг илүү олон талаас нь харуулж байсан билээ. “Билл Тэд хоёрын адал явдал” хэмээх кинонд бүтээсэн хөгжилтэй, бодож санах юмгүй хөнгөн хийсвэр залуугийн дүр Ривзийг яг л баатрынх нь дүр төрхөөр олон жил төсөөлж магадгүй байсан тэрхүү хандлагыг тэрбээр дараа дараагийнхаа бүтээлээр үгүйсгэсэн юм. “Давлагаа”, “Брэм Стокерын Дракула”, “Хурд”, “Бяцхан Будда”, “Чөтгөр шулмын өмгөөлөгч”, “Миннесотаг мэдрэхэд” зэрэг олон киноны дүр болгон нь үзэгчдийг огт танихгүй цоо шинэ Ривзийг нээхэд хүргэж байлаа.
“Матрикс” киноноос хойш Кианугын уран бүтээл бага зэрэг зогсонги байдалд оржээ. Энэ нь нэг талаасаа түүний ихэнх цаг хүч чадлаа театрын тайзны бүтээлд зориулсантай холбоотой юм. Канадын Виннипегын тайзнаа тавигдсан “Гамлет” жүжигт Кианугийн бүтээсэн Гамлетын дүр театрын урлагийн ертөнцөд багагүй шуугиан тариад авсан билээ. Театрын уран бүтээлчид, судлаачдын дүгнэснээр бол Ривз Шекспирын бүтээлийн энэхүү эмгэнэлт баатарын дүрд гадаад төрхөөрөө ч дотоод ертөнцөөрөө хамгийн тохирсон жүжигчин ажээ. “Тэрбээр эрэлхэг хирнээ бүсгүй хүн шиг дорой байдал гаргадаг, шийдэмгий мөртөө үргэлж эргэлзэж байдаг, ухаалаг боловч гэнэн гээд Гамлетын адил дотоод зөрчил ихтэй, үргэлж хоёрдмол байдал гаргаж байдаг агуу уран бүтээлч юм. . .” гэж “The Sunday Times” сэтгүүлд бичсэн байдаг. Харин нөгөө талаасаа дээр дурдсан уран бүтээлийн зогсонги байдал Кианугийн хувийн амьдралд нэгэн эмгэнэлт явдал тохиолдсонтой холбоотой байлаа. Авьяаслаг уран бүтээлчдийн хувийн амьдрал ихэнхдээ эмгэнэлтэй, нулимс харамслаар дүүрэн байдаг бичигдээгүй хууль Киануг ч тойроогүй юм. 1998 онд Ривзыг бага эмэгтэй дүү Карэн нь нэгэн бүсгүйтэй танилцуулжээ. Түүний нэрийг Жениффер Сайм гэдэг байв. Жениффер Кианугийн адил жүжигчин мэргэжилтэй ч ердөө ганцхан кинонд бяцхан дүр бүтээсэн бөгөөд ихэнхдээ туслах найруулагч хийдэг аж. Үзэсгэлэнтэй биш ч даруухан ухаалаг нүдтэй бүсгүй Киануд таалагджээ. Ахынхаа амьдралд өөрөөс нь илүү санаа зовдог Карэн Киану Жениффер хоёрыг үерхээсэй гэж мөрөөдөж байсан гэдэг. Тэгээд ч удалгүй түүний мөрөөдөл биеллээ олсон аж. Хагас жилийн дараа дурлалт хосууд нэгэн байр түрээслэн хамтран амьдрах болжээ. Олонд танигдаж нэр алдар нь өсөж байсан царайлаг залууг хэнд ч танил биш мөн төдийлөн царайлаг бус бүсгүйтэй үерхэх болсонд олон түмэн гайхсан гэдэг. Киночид Киануг эелдэг ч үг дуу цөөнтэй, зожигдуу хүн гэж дүгнэдэг байлаа. Харин Жениффертэй үерхээд залуу огт өөр болсон аж. Тэрбээр энэ тэндхийн олон арга хэмжээнд оролцон, найз нөхдөө гэртээ урьж, царайд нь үргэлж инээмсэглэл тодрох болжээ. Женифферийг жирэмсэн гэх мэдээ тэднийг улам аз жаргалтай болгосон юм. Удахгүй төрөх хүүхэд нь охин гэдгийг сонсоод Киану хүүхдээ Ава Арчер гэж нэрлэхээр шийдсэн аж. Киану “Чөтгөрийн өмгөөлөгч” киноныхоо нээлтийг өнгөрөөн бүх л цагаа хайрт бүсгүйдээ мөн удахгүй төрөх охиндоо зориулахаар шийдэн шинэ уран бүтээлүүдийн саналуудаас татгалзаж байлаа. 1999 оны 12 дугаар сарын сүүлээр Жениффер эмнэлэгт хэвтжээ. Бяцхан Ава Арчер төрөхөд ердөө хэдхэн хоног үлдсэн байв. Үзлэг хийсэн эмч удтал дуугүй байсны эцэст Киану Жениффер хоёрт охины хүйсэнд цус бөөгнөрсний улмаас эхийн хэвлийдээ нас барсныг мэдэгджээ. Энэ мэдээ аль алиныг нь аймшигт шоконд оруулсан аж. Жениффер орилж чарлан ухаан нь орж гарч тариа хийлгэн унтуулах дээрээ тулж байлаа. Хоёр хоногийн дараа бага зэрэг тайвширсан Жениффер Киануг 10 жилээр хөгширсөн царайтай болсныг анзаарчээ. Өлгий, тоглоом, ор гээд бяцхан охиндоо бэлдсэн бүхнийг Киану өнчин хүүхдийн байгууллагад өгсөн байв. Хэдий хүүхдээ алдсан ч тэд хамтдаа амьдарсаар байжээ. Гэсэн ч тэдний харьцаа урьдын адил биш болсон байв. Киану ихэнхдээ “Dogstar” хамтлагтайгаа аялан тоглолтоор яваад өгөх аж. Тэрбээр 1990-ээд оны эхээр нэг найзтайгаа гранж-рок чиглэлийн хамтлаг байгуулан өөрөө бас гитар дээр тоглодог байжээ. Хөгжим бол түүний хамгийн том хобби байсаар ирсэн билээ.Т Харин гэртээ ганцаараа үлдэх Жениффер өөрийнхөө зовлонг шинэ танилуудтай болж мартахыг хичээж байлаа. 2000 оны 4 дүгээр сарын 1-нд Жениффер эртний танил рок дуучин Мэрилин Мэнсоныд зочилжээ. Аймшигт рок мангас тэр өдөр өөрийнхөө гэрт мөн л аймшигт үдэшлэг зохиосон аж. Сэтгэл санаа нь гундуухан бас ганцаардсан Жениффер тэр өдөр архийг нэлээд ууж орхисон гэдэг. Шөнийн 01 цаг цагорчим бүсгүй үдэшлэгээс гаран өөрийнхөө машинд суун гэрийн зүг явсан байна. Харин 2 цагийн дараа түүний машин аймшигтай мөргөлдсөн байхыг олжээ. Жениффер хурдтай явж байсан агаад аюулгүй бүсээ зүүхээ мартсан байжээ. Тиймээс түүний амьгүй болсон бие машинаасаа хэдэн метрийн зайтай хэвтэж байсан гэдэг. Найз бүсгүйнхээ нас барсныг дуулаад Киану ганц үг дуугаралгүй эргэж хараад яваад өгсөн гэдэг. Хэд хоногийн дараа тэрбээр Женифферийг бяцхан охиныхоо дэргэд оршуулжээ. Урьдынхаасаа дуугүй болсон Кианугийн нүдийг тодоос тод гуниг бүрхсэн гэдэг.
Киану зурагчид, сэтгүүлчидтэй дундыг баримталдаг нэгэн юм. Тэдний анхаарлыг татах гээд ч байддаггүй, хажиглаж хөөгөөд ч байддаггүй. Гэхдээ л мэдэхгүй хэн нэгэн нь Женифферийн тухай эсвэл, бурхан минь хүн болоогүй охиных нь тухай асуух юм бол, Киану ямар ч хэвлэлийн бага хурлаас, ямар ч арга хэмжээнээс хар цагаан дуугуй гараад явчиж чадах нэгэн ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Холливуудын од жүжигчин маань Британийн Esquire сэтгүүлийн баатар болсон юм. Нүүрний хуудсанд түүний зураг нь гарч, маш том ярилцлага нийтлэгджээ. Сэтгүүлчийн “хэзээ гэр бүлтэй болж, эцгийн үүргийг гүйцэтгэх гэж байна гэсэн асуултад Киану “Би одоо 52 настай. Эцэг болоход хэтэрхий оройтжээ. Бүх зүйл дуусан” гэж хариулсан байна. Амьдрал гэдэг заримдаа хатуу эд шүү